Бүтээн байгуулалтыг дэд бүтэц, барилгын чиглэлээр түлхүү өрнүүлнэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-20 15:43:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас бүтээн байгуулалтын 209 ажлын нээлтийг зургадугаар сарын 19-нд зохион байгууллаа.

Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг, 246 сая төгрөгийн хөрөнгөөр тоглоомын талбай, 89 сая төгрөгөөр нэгдүгээр цэцэрлэгийн шугам сүлжээний засварын ажил, 56.9 сая төгрөгөөр хоёрдугаар цэцэрлэгийн шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөжээ.

Харин аймгийн хөрөнгө оруулалтаар  Иргэдийн хөгжлийн төв, халуун усны газар барих бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 466,8 сая төгрөг, сумын хөрөнгө оруулалтаар нэг тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлэх аж.

Мөн  бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн төвөөс босоо тэнхлэгийн АН-3 авто зам хүртэлх 3,2 км авто замыг 3.7 тэрбум, Азийн хөгжлийн банкны төслөөр 2,5 км цэвэр усны шугамыг 1.1 тэрбум  төгрөгөөр тус тус гүйцэтгэнэ.

Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар есөн тэрбум, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн боомтыг 201 сая юанийн хөрөнгөөр барихаар болов. 

Бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр болон бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэгч компаниудын төлөөлөл оролцсон байна.

Холбоотой мэдээ