Ховд голын эрэгт усны эргүүл ажиллаж эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-20 16:26:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Ховд голын усны түвшин нэмэгдэж олон жилийн дунджаас давж байгаатай холбогдуулан энэ сарын 15-наас усны эргүүл ажиллуулж эхэлжээ.

Эргүүлүүд голын эрэгт зугаалж, амарч байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, согтуу хүмүүсийг голын эргээс холдуулах арга хэмжээ авах аж. Тухайлбал өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд 238 хүнд санамж бичиг тарааж, голын эрэгт тоглож байсан насанд хүрээгүй зургаан хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна.

Тэд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан эргээс Бугат сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр хүртэл 15 км усан зам дагуу ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх аж.  

Аймгийн нутаг дэвсгэр дэх голуудын түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Иймд хүүхдүүдийг гол руу явуулахгүй байх, хаана тоглож байгаад нь хяналт тавих, голын усанд орохгүй байх, аль болох голын эрэг дагуу зугаалж амрахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Холбоотой мэдээ