Уул уурхайн үйлдвэрлэлийн байдлыг ил тод мэдээлэх цахим сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-21 23:48:16

Төв  /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах зорилгоор “Төв аймгийн уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдал” цахим санг үүсгэх ажлыг Канад улсын Мерит төсөлтэй хамтран  хийжээ.

    Энэхүү цахим сан нь хариуцлагатай уул уурхайн салбарыг удирдах, хянахад зориулагдсан вэб програм юм. Тухайн вэб нь уурхайн лицензийн үйл ажиллагааны явцыг стандартчилж харуулсан бөгөөд орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, байгаль орчин, уул уурхайн үйл ажиллагааны талаарх бүх баримт бичгүүдийг нэг дор багтааснаараа давуу талтай юм байна.

 Монгол Улсын хэмжээнд анх удаагаа энэхүү цахим санг нэвтрүүлж байгаа ажээ.

   Төв аймаг нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудын томоохон үйлдвэрлэгч аймгийн хувьд 2018 онд нийгмийн хариуцлагын гэрээгээр 1 тэрбум 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

    Нийгмийн хариуцлагын гэрээг орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ болгон өөрчилж, тус гэрээнд хийж хэрэгжүүлэх ажил, хөрөнгө оруулалтыг товч тодорхой зааж, www.mining-tuv.mn сайтад байршуулснаар сум, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ