“Бага Алтаргана" наадам Булганы Тэшиг суманд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-06-21 17:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын төвд долдугаар сарын 1-2-нд буриад зоны “Бага алтаргана-2019” соёл урлагийн наадам болно.

“Монголын Буриадын төв холбоо”-ноос зохион байгуулах уг наадмаар буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, дуу хуурын цэнгүүн, “Эв модны баяр” болж, буриад ёс заншил, ураг удмыг танилцуулах аж. Монгол туургатан буриад зоны өв уламжлал, соёл урлагийг сурталчилдаг энэхүү наадмыг аялал жуулчлалын үйл ажиллагаа болгохоор зорин ажиллаж байна гэж Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан хэлж байна. “Бага алтаргана” наадмыг өмнө нь Хөвсгөл аймагт зохион байгуулж байв.

Энэ удаагийн “Бага алтаргана-2019” соёл урлагийн наадамд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотоос буриад зоны төлөөлөл оролцож, ОХУ-аас Улаан-Үд хот болон Закаменск аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны зарим аймгаас зочид ирж оролцох аж.

Б.Болд

Холбоотой мэдээ