ӨМӨЗО-д Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-24 10:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг энэ сарын 20, 21-нд зохион байгууллаа.   


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд тус өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулсан Улаанбаатар Ордос хотын хамтарсан аялал жуулчлалыг сурталчлах хурлын үеэр хоёр хотын хооронд соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ордос хотын Ардын засгийн газрын орлогч дарга Лиү Жиан Шюн нар гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг төлөөлж Монголын талаас Чингисийн тоонот, Өнөрговь, “World classic travel” компани ӨМӨЗО-ы аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав.

Мөн Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Улаан мөрний эрэг дээрх задгай талбайд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа сурталчлан үндэсний урлагийн тоглолтыг Ордос хотын иргэдэд толилууллаа.

ӨМӨЗО-ы аялал жуулчлалын Ордос хот нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэн өдгөө хамгийн орчин үеийн архитектур, дизайны төгс шийдэлтэй хот болсон байна. Өнгөрсөн 2018 онд тус хот дотоод гадаадын 14.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого нь 44.1 тэрбум юань хүрсэн нь өмнөх үеийнхтэй харьцуулахад 16.7 хувийн өсжээ.

Өдөрлөгт Монгол Улсаа суртчилахаар аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.


Холбоотой мэдээ