ДАРХАН-УУЛ: Теле камерын хяналтын нэгдсэн дэд төвийг ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймагт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.Тус төв нь нийт 241 м2 талбайтай, хурлын өрөө, серверийн өрөө, цахим уулзалтын өрөө, хяналтын өрөө, амрах өрөө гэсэн зохион байгуулалтай. Ухаалаг программд холбогдсон, нэгэн зэрэг 500 гаруй камерыг хянах хүчин чадалтай юм.
Аймгийн хэмжээнд хэрэгжүүлдэг “Ногоон бүс” төслийн хүрээнд суурилуулагдсан 308 камерыг уг төвийн системтэй холбожээ. Ингэснээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой гэдгийг цагдаагийн газраас онцолж байна. Цаашид ААНБ-ын гадна талд байрлах хяналтын камеруудыг холбож бүрэн хянана.
Орчин үеийн шилдэг технологид тулгуурласан төслийн гүйцэтгэгчээр “Проджи Девелопмент Тотал Солюшн” ХХК ажилласан бөгөөд 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг ажлыг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Тэд дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц төв болсныг онцоллоо.
2025 оны Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд Цагдаа, Онцгой, Эмнэлэг зэрэг байгууллагуудын дуудлагын операторын горим 112 гэсэн нэгдсэн дугаарлалт руу шилжихээр болсон. Тиймээс яаралтай тусламжийн операторын горимыг энэхүү дэд төвөөр дамжуулан явуулах боломжтой болсон гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Нацагдорж хэллээ.
Аймгийн хэмжээнд "Ногоон бүс төсөл"-ийн хүрээнд 308 камер ажиллаж 35 орчим хувийг хянаж байна. Дахин 1200 ширхэг хяналтын камер нэмснээр Дархан-Уул аймгийг бүрэн хянах боломжтой. Цаашид Орхон, Хонгор, Шарын гол сумдыг дэд төвтэй холбох бөгөөд бэлтгэл ажил хийгдэж байна.







