37 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД: Франц, Балба, Японы Ерөнхий сайд нар огцров

ТОЙМ
Jargal.d@montsame.mn
2025-09-13 13:47:19

УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Франц, Япон, Балба гэсэн гурван улсын Засгийн газар унасан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  


Франсуа Байруд итгэл үзүүлсэнгүй

Даваа гарагт Францын парламентад болсон санал хураалтаар гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Франсуа Байруг дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр есөн сарын өмнө байгуулагдаж байсан Засгийн газар огцорлоо. Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентад санал хураах санаачилгыг Ф.Байру өөрөө гаргасан байна. Тэрбээр төсвийн алдагдлыг бууруулах стратегидаа парламентын дэмжлэгийг авахыг оролдож, ДНБ-ий 114 хувьд хүрсэн улсын өрийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байжээ. Ерөнхийлөгч Э.Макрон дараагийн Ерөнхий сайдаар Себастьян Лекорнюг томиллоо. 39 настай тэрбээр 2017 оноос хойш Э.Макроны томилсон долоо дахь Ерөнхий сайд болж байна. Үүнтэй зэрэгцэн Франц даяар “Бүхнийг хаая” нэртэй эсэргүүцлийн жагсаалууд өрнөлөө. Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ томилгоонд итгэлтэй бус байна. Францын Засгийн газрын арван жилийн бондын үнэ Грекийнхээс өндөр хэвээр байгаа нь С.Лекорню ч мөн төсвийн хямралыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй тулгарна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.


Японы Ерөнхий сайд огцорлоо

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлуудын нэг байлаа. Долоодугаар сард болсон парламентын дээд танхимын сонгуулиар эрх баригч эвсэл олонхын суудлаа алдсаны дараа тэрбээр албан тушаалаасаа огцрохгүй байр суурь илэрхийлж байсан юм. Эрх баригч Либерал Ардчилсан нам Японы дараагийн Ерөнхий сайд хэн болохыг шийдэх сонгуулийг 10 дугаар сарын 4-нд явуулна. Японы Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд асан Санаэ Такаичи, Ерөнхий сайд асны хүү Шинжиро Коизүми нар намын даргаар сонгогдох магадлал өндөр байна. С.Такаичи сонгуульд ялбал Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болно. 


“Z үеийнхний хувьсгал”

Энэ долоо хоногийн эхээр Балбад авлига хээл хахууль, нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн жагсаалын дараа үймээн самуун дэгдлээ. Жагсагчдын шаардлагаар Ерөнхий сайд Шарма Оли огцорсон. Жагсаалын гол оролцогчид нь оюутнууд, Gen-Z үеийн идэвхтнүүд байв. Эмх замбараагүй байдлын үеэр 50 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Эрх баригчид олон нийтийн сүлжээнд тавьсан хоригоо есдүгээр сарын 9-нд цуцалсан байна. Нийгмийн сүлжээнүүдийг хязгаарласан тохиолдол мөн Туркт гарлаа. Даваа гаргийн шөнө дундаас хойш мессенжер, олон нийтийн сүлжээнүүд нэвтэрч болохгүй болж, эрх баригчид ямар шалтгаанаар хаасан талаар тайлбарлаагүй байна. Энэ үеэр Истанбул хотод Бүгд Найрамдах Ардын Намын байрны дэргэд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж байжээ. Жагсагчид намын салбарын удирдлагуудыг огцруулсныг эсэргүүцсэн байна.


Алтны үнэ өссөөр

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нийт 75 суурь нэгжээр бууруулж магадгүй гэсэн таамаглал гарсан, мөн ам.долларын ханш суларсан, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд таамагласнаас тааруу гарч, наймдугаар сард ажилгүйдэл 1.5 хувиар нэмэгдсэн зэргээс үүдэн алтны үнэ мягмар гаргийн арилжааны явцад 3651.96 ам.долларт хүрч өслөө. 


Израилын арми Катарын газар нутагт цохилт өгөв

Израилын арми мягмар гарагт Катарын нийслэл Доха хотод цохилт өглөө. Цохилтын бай нь ХАМАС бүлэглэлийн удирдлагууд байсан бөгөөд ХАМАС-ын төлөөлөгчид Израилын талтай хэлэлцээ хийхээр Катарт ирээд байжээ. Цохилтын улмаас зургаан хүн амиа алдсан боловч тэд хэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Удирдагчдынх нь хэн нь ч тэдний дунд байгаагүй гэж ХАМАС бүлэглэл мэдэгдсэн.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, өмнөх өдөр нь буюу даваа гарагт Иерусалимд үйлдсэн халдлагын хариуд цохилт өгсөн гэлээ.  

Катарын эрх баригчид цохилтыг эрс буруушаасан хэдий ч зуучлагчийн үүргээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Израилын тал Катарын газар нутагт анх удаа цохилт өгсөн нь энэ юм. 


“Oracle”-ыг үүсгэн байгуулагч Ларри Эллисон дэлхийн хамгийн баян хүн болов

“Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон компанийнх нь хувьцаа огцом өссөний дараа хөрөнгийнхөө хэмжээгээр Илон Маскийг ардаа орхиж, анх удаагаа дэлхийн хамгийн баян хүн боллоо. Түүний хөрөнгө нэг өдрийн дотор 101 тэрбум ам.доллароор өсөж, 393 тэрбум ам.долларт (И.Маскийнх 385 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна) хүрсэн байна. Энэ нь "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексийн түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт боллоо.


Ирэх долоо хоногийн гол үйл явдлууд:

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган есдүгээр сарын 9-23-ны хооронд үргэлжилнэ.
  • Арабын лиг-Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Катарын нийслэл Доха хотноо есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд болно.
  • Сирийн парламентын сонгууль есдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд болно. Ардын Ассамблейн 210 гишүүний 140-ийг нь сонгоно.
  •  АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болно.
  • Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотноо есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болно.
  • “Формула-1” ангиллын авто уралдааны Азербайжаны Гран-При Баку хотноо есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болно. 
Холбоотой мэдээ