О.Анхбат: Энэ онд “Иргэний оролцоотой шинэ Хэнтий” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-24 17:29:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын хөгжлийн тулгуур болсон сумын хөгжил гэдэг юунаас ч чухал. Зуны эхэн сар гарч, байгаль дэлхий өнгөө засан буй энэ цаг мөчид Дэлгэрхаан сумын Засаг дарга О.Анхбаттай уулзаж ярилцлаа.     


-Дэлгэрхаан сум 2018 оны ажлаараа Хэнтий аймгийн “Шилдэг сум”-аар шалгарсан. Танай хамт олонд баяр хүргэе. Энэ тухай яриагаа эхлүүлье?

- Баярлалаа. Дэлгэрхаан сум 2018 оны ажлаараа Хэнтий аймгийн тэргүүний 5 сумын нэгээр түүхэндээ анх удаа шалгарлаа. Энэ амжилтад нутгийн хүн зон, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэдийн маань оролцоо их чухал байсан. Бид хамтран ажилласны үр дүнд “Шилдэг сум” болж чадлаа. Өнгөрсөн оны томоохон  амжилтаас дурдвал, спортын зургаадугаар их наадмыг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг цэнгүүлэх ёслолыг аймгийн хэмжээнд явуулж, багаараа гуравдугаар байрт шалгарч амжилттай оролцлоо. Мөн Нисэх загварын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулж 13 баг оролцов. Үүнээс гадна Хэнтий аймгийн 95 жилийн ойн баяр наадамд Дэлгэрхаан сумын харъяат Д.Аззаяа түрүүлж, аймгийн арслан цол хүртэн нутгийн зон олноо баярлууллаа. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд манай сумаас спортлог гэр бүлээр Г.Лхагвын гэр бүл шалгарсан, Хэрлэнбаян-Улаан тосгоноос “Намрын баяр-2018” үзэсгэлэн худалдаанд брэнд бүтээгдэхүүн- хунчир олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарч амжилттай оролцсон гээд олон амжилт гарсан.

-Сумандаа өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгөөч?

-Бүтээн байгуулалтын хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум 500 сая төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, энэ оны наймдугаар сард хүлээж авахаар ажиллаж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотор ариун цэврийн өрөөг ОНХС-гийн найман сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч сайжруулсан. Түүнчлэн Соёлын төвийн  дээврийн их засварыг улсын төсвийн 40 сая төгрөгөөр, хийдийн гэр хороололд 16 гэрэлтэй хоёр цамхаг, ЗДТГ-ын үүдний усан санг ашиглан дөрвөн гэрэл нийт 20 гэрэлтэй боллоо, мал угаалгын ванныг 9.5 сая төгрөгөөр хийлгэлээ, ундны усны худгийг 2.5 сая төгрөгөөр засч сайжрууллаа, хүүхэд хамгааллын төслийн хүрээнд гурван өрх иж бүрэн гэртэй боллоо, ТNС Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслөөр баруун таван аймагт туршлага судлах аялалд оролцож, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд болсон “Нөхөрлөл хөгжил” наадамд Хэрлэнтооно багийн иргэд,  ЗДТГ-ын алба хаагчид хамрагдаж, туршлага судаллаа. Бас нэг онцлог үйл явдал нь Хэнтий аймаг 89 багтай болж, Дэлгэрхаан сумын Баянхаан багийг шинээр аймгийн ИТХ-аар батлуулаад байна.

- Залуу хүний хувьд төрөлх нутаг орноо тэргүүлэн ажиллахад олон давуу тал болоод саад бэрхшээл тулгардаг байх?

-2016 оноос Дэлгэрхаан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх үед хамгийн их бодогдсон зүйл бол нутгийн  залуучууд бид л орон нутгаа хөгжүүлэх үйлсэд  гар бие оролцох нь хамгийн чухал гэж бодсон. Залуучуудаа дэмжиж, нутаг орноосоо өөр газарт ажиллаж, амьдарч байгаа залуучуудтайгаа холбоо тогтоож ажиллахыг чухалчилж байна. Сум удирдаж ажиллана гэдэг амаргүй. Засаг дарга гэдэг засаг төрийн төлөөлөл учраас аль болохоор иргэддээ хүрч ажиллахыг хичээдэг. Мэдээж бэрхшээл байлгүй яахав. Гэхдээ бид хамтын хүчээр шийдвэрлэж, урагшилсаар байна.

-2019 он талдаа орлоо, хийж хэрэгжүүлж буй ажлуудаасаа дурдвал?

-Энэ онд төлөвлөсөн ажлуудын хэрэгжилт урагштай сайн байна. Энэ онд нэгтэрбум гаруй төгрөгийн өртөгтэй ЕБС-ийн спорт заал барина. Мөн ЕБС-ийн ширээ сандлыг улсын төсвийн 13 сая төгрөгийн хөрөнгөөр шийдвэрлүүлнэ. Үүнээс гадна ОНХС-гаас “Хоггүй Дэлгэрхаан” аяны хүрээнд  жижиг оврын олон үйлдэлтэй трактор авна. Баянхаан багийн Засаг даргын цалин урамшууллыг шийдэж, шинэ багийн төвд зориулан 8х12 хэмжээтэй байшин барина. Хийдийн гэр хороололд шугамын өргөтгөлийг 35 сая төгрөгөөр хийнэ. Аваргын гудамжуудаар 17 сая төгрөгийн өртөг бүхий гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ. Спорт заалны зураг төсвийг хийлгэнэ. Мөн Хэнтий аймгийг Монгол Улсын Засгийн газраас  аялал жуулчлалын бүс болгон зарласантай холбогдуулан мянганы суут хүн Эзэн Чингис хаан гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөлд манай сум хамрагдана. 2030 он хүртэлх аялал жуучлалын  төлөвлөгөөнд түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх саналаа хүргүүллээ. Энэ онд “Иргэний оролцоотой шинэ Хэнтий” төсөл хэрэгжүүлнэ. Аравтын зохион байгуулалтад орж суманд нийт 34 аравт зохион байгууллаа.

Мөн “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хүрээнд хоёр удаа сум орон нутгаа сурталчилсан. Түүнчлэн сумаа сурталчлах, иргэддээ ил тод мэдээллээ хүргэх зорилгоор Хэнтийн мэдээ агентлагтай хоёр дахь жилдээ “Алтан багц”-ын үйлчилгээ авч хамтран ажиллаж байна. Цаашлаад Ховдын тарвасыг сумандаа нутагшууллаа. Малын тэжээл, царгас тарьж эхлээд энэ жил 10 гаруй га-д тариална. 2019 онд ДЗМОУБ-аас хоёр айлд иж бүрэн гэр, хоёр айлд гэрийн бүрэн мод олгоно. ТNС төслийн хүрээнд 2019 онд гурван аймаг, дөрвөн сумын “Нөхөрлөл хөгжил” наадам энэ сард болно, манай  сум оролцоно. 2019 онд хоёр дахь удаа бүсийн морин уралдааныг дээд гурван насаар зохион явуулна. “Хоггүй Дэлгэрхаан” аяны хүрээнд Хан–Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэстэй хамтран Аварга, Тосон,  Бүрд нуураа хамгаалах, хөрсний бохирдол, нуур ширгэж байгаа асуудлаар дээд шатны байгууллага, УИХ, Байгаль орчны яаманд санал хүргүүллээ. Тодорхой хэмжээний ойг цэвэрлэж, 1000 шоометр мод бэлтгэн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхээр тус тус ажиллаж байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.


 


 


 

Холбоотой мэдээ