Залуучуудын долоон баг хурдасгуурт оролцох батламж гардан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ-тай хамтран залуучуудын аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны бизнесийг дэмжих “Start-up” үйл ажиллагааг энэ сарын 21-23-ны өдөр зохион байгуулжээ.
Бизнесийн санаагаа уралдуулах энэ
удаагийн үйл ажиллагаанд 50 залуу 15 баг болж өрсөлдсөнөөс долоон баг шалгарч,
хурдасгуурт оролцох батламжаа гардан авчээ.
Энэхүү залуучуудын хөдөлмөр эрхлэлт
гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр нь 15-34 насны ажил хөдөлмөр эрхлээгүй, ажил
идэвхтэй хайгч залуучууд, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын
байгууллагын суралцагчид, төгсөгчдийн гарааны бизнесийг дэмжих зорилготой
бөгөөд шалгаруулалт, санхүүжүүлэх зарчим нь сургалтад суулгаад, төсөл
бичүүлээд олгодог дэмжлэгээс өөр гэдгээрээ онцлогтой ажээ.
Эхлээд бизнесийн санаагаа уралдуулж,
шалгарсан багууд хурдасгуурт оролцох эрхээ авч, “Монголын үндэсний маркетингийн
холбоо”-ны сургалт, зөвлөгөөний тусламжтайгаар багаараа төслөө боловсруулж, төслөө хамгаалсны үндсэн дээр 10,0 сая
төгрөгийн дэмжлэг авах эсэх нь шийдэгддэг байна.
Өнгөрсөн жил Дундговь аймгийн хэмжээнд гурван баг 10,0 төгрөгийн дэмжлэг авч байсан бол харин энэ жил энэ тоо тав дахин нэмэгдэж, 15 багийн залуучуудад санаагаа ажил хэрэг болгож, шинээр бизнесээ эхлүүлэх боломж нээлттэй байна.
Энэ удаагийн үйл ажиллагаагаар
долоон баг шалгарч, эхний даваагаа давж, дараагийн шалгуураа хангахаар болсон бол намар дахиад “Start up” үйл ажиллагааг
зохион байгуулж, үлдсэн багуудаа шалгаруулах юм байна.