Италийн Наполи хотыг зорих оюутан тамирчдаа үдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-25 14:28:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Төв номын сангийн Эрдмийн танхимд өнөөдөр Итали улсад болох “Наполи-2019” дэлхийн оюутны зуны ХХХ универсиад их наадамд оролцох Монгол Улсын оюутны шигшээ багийг үдэх ёслол болов.


Италийн Наполи хотноо долдугаар сарын 3-14-нд болох тус наадамд манай улс буудлага, жүдо, таеквондо, байт харваа, талбайн теннис, усан спорт, ширээний теннис гэсэн спортын 7 төрлөөр 33 тамирчин, 13 дасгалжуулагч, албаны нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор Европыг зорино.



Тамирчдыг үдэх ёслолд Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд, ноён Андрэа дэ Фэлип, БСШУСЯ, БТСГ, МҮОХ-ны төлөөлөл, МОСХ-ны УЗ-ийн гишүүд, 7 спорт холбооны удирдах ажилтнууд, Их дээд сургуулийн захирал, биеийн тамир, спортын төлөөлөл, баг тамирчид оролцсон юм.



Ёслолын үеэр баг тамирчдаа төлөөлөн Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа, таеквондогийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нар тангараг өргөв. МОСХ-ноос бэлтгэсэн универсиадын албан ёсны хувцас буюу Испанийн “КЕЛМЕ” брэндийн долоон иж бүрдэл хувцсыг тамирчдад гардуулсан юм.



Мөн энэ үеэр “Наполи-2019” наадамд хүч, ур чадвараа сорих жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Ц.Цогтбаатарт Монгол Улсын Төрийн далбааг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ.


Энэхүү универсиад наадамд ур чадвар, хурд хүчээ сорих тамирчдад БСШУСЯ, БТСГ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Итали улсын ЭСЯ, “Эрдэнэс таван толгой” ХК, Голомт банк МИАТ ХК, Кельме компани, спортын холбоод зохих туслалцааг үзүүлж дэмжсэн байна.


Дашрамд сонирхуулахад, Монголын оюутан тамирчид анх 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Зуны универсиад наадамд эхлэн оролцсон. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд Монгол Улсын оюутны баг тамирчид 21 дэх удаагаа зуны универсиад наадамд оролцохоор ийнхүү бэлтгэлээ базаагаад байна. Монголын баг тамирчид зуны универсиад наадмаас спортын 9 төрлөөс нийтдээ 53 медаль хүртсэн. Үүний 11 нь алт, 16 нь мөнгө, 16 нь хүрэл медаль юм.


"Бага олимп" хэмээгддэг универсиад наадамд баг тамирчдаа тогтмол оролцуулж ирсэн бөгөөд манай оюутнууд өвөл, зуны универсиад наадмаас нийтдээ 25 алт, 17 мөнгө, 44 хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын оюутны спортын холбооны бүрэн эрхт гишүүн МОСХ нь энэ жилийн хувьд холбооны түүхт 30 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ онцлогтой юм. МОСХ өнөөдөр Монгол Улсынхаа 100 орчим их, дээд сургуулийн 160 мянган оюутан залуучуудын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж, олон улс, тивийн тэмцээн, наадамд баг тамирчдаа оролцуулж байна.  

Холбоотой мэдээ