Үндэсний бөхийн хүрээнд үүссэн маргааныг энэ 7 хоногт шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-25 15:33:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав өнөөдөр “Пума” зочид буудалд хэвлэлийн хурал зарлаж, үндэсний бөхийн эргэн тойронд буй болсон асуудлаар мэдээлэл хийлээ.


Өнгөрсөн ням гарагт болсон /2019.06.23/ “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүд болон бөх сонирхогчдыг бухимдуулсан асуудал үүсэж цаг шахам барилдаан саатсан. Улмаар үндэсний бөхийн эргэн тойронд бий болсон уг асуудал нь өнөөгийн МҮБХ-ны олон жил үргэлжилсэн маргаан, хоёр холбоо бий болсон адармаатай байдлаас угшилтай гэж болно. Өнөөгийн энэ нөхцөл байдал нь хагас сарын дараа болох Үндэсний баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулахад сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн хэмээн олон нийтийн дунд бухимдал үүсгээд байгаа билээ.


МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав: “МҮБХ-ны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс маргаантай асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэж, шийдэхээр болсон. Харин Үндэсний баяр наадмын Бөхийн салбар хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийг гарч барилдах эсэх дээр шийдвэрээ гаргах байх. Сорилго барилдаанд энэ маргаантай асуудал гарч ирсэн нь сайн хэрэг болсон” гэлээ.


Тэрбээр, “МҮБХ сэргээшийн асуудалтай хатуу тэмцэж байгаа. Амжилтад яарах үзэгдэл аль ч спортод байдаг бөгөөд үүний нэг сөрөг тал нь сэргээш хэрэглэх явдал. Дэлхий нийт үүний эсрэг тэмцэж байна. 2017 онд БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтраад “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн дагуу 198 тамирчнаас шинжилгээ авсан. Үүний 43 үндэсний бөхийн тамирчин байсан юм. Ингэхдээ Монголын үндэсний бөхийн холбооноос баталсан дүрэм журмын дагуу шинжилгээ авсан. Тодруулбал, улс аймгийн цолтой болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан, сумын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшний шинжилгээ авсан. Долоон бөх шинжилгээнд бүдэрсэн. Энэ залуучууд БЗД-ийн шүүхэд хандсан. Энэ шүүх хуралд МҮБХ-г төлөөлөн яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуай оролцоод бөхчүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулна гэсэн буруу шийдвэр гаргуулчихсан. Гадаад, дотоодын хууль дүрэм, Засгийн газрын шийдвэрийн дагуу авсан албан ёсны шинжилгээ байтал шүүх ийм шийдвэр гаргачихсан юм. МҮБХ-нд хамааралгүй Ү.Хүрэлбаатар гуай ийм будилаантай асуудал дэгдээсэн. Мөн шүүхийн энэ шийдвэрийн дагуу нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өнгөрсөн сард МҮБХ-нд албан бичиг илгээж шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр бөхийг барилдуулахыг шаардсан. Дараа нь шүүх хуралд оролцсон Ү.Хүрэлбаатар гуай, сэргээш илэрсэн бөхчүүдийг дуудаж шинжилгээ авсан албаны хүмүүсээр нь тайлбар хийлгүүлсэн. Бөхчүүд ч албан ёсны шинжилгээнд хамрагдсанаа хүлээн зөвшөөрч уучлал хүсээд Дархан аварга Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргасан.” гэв.


МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан нь ийнхүү бөхийн хүрээний сүүлийн үеийн шинэ маргаанаар тодроод байна.


Удахгүй болох баяр наадмаар маргаан дагуулж болзошгүй уг шийдвэрийг 2019 оны зургадугаар сарын 17-нд болсон Тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ. Энэхүү 15 хүний бүрэлдэхүүнтэй Тэргүүлэгчдийн хурлын тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нарын 8 гишүүн тогтоолыг дэмжин гарын үсэг зурсан байна. Харин улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нарын 7 гишүүн гарын үсэг зурахаас татгалзсан байна.


Ийнхүү Улсын гарьд Ө.Бат-Орших нарын эрхийг хугацаанаас нь өмнө сэргээх шийдвэр /8:7/ гаргаснаар маргаан дэгдсэн байна. Бөхчүүдийн эрхийг сэргээсэн уг шийдвэр нь өнгөрсөн ням гарагийн “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зааланд цугласан бөхчүүд “Нэг бол бөхчүүдээ барилдуул, аль эсвэл эрхийг нь сэргээсэн бөхчүүдээ барилдуул. Бид үүгээрээ допингийн эсрэг гэдгээ илэрхийлж байна” гэсэн шаардлага тавьсан юм.

Холбоотой мэдээ