ЕЗПА дахь ОХУ-ын санал өгөх эрхийг сэргээсэнд харамсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-26 09:59:28

ТБИЛИСИ. /TASS/. Европын Зөвлөлийн парламентын ассамблей /ЕЗПА/ дахь ОХУ-ын санал өгөх эрхийг сэргээснийг Гүржийн Гадаад хэргийн сайд Давид Залкалиани харамсмаар шийдвэр гэлээ.


“ЕЗПА харамсмаар шийдвэр гаргалаа. Бид бүр тавдугаар сард Хельсинкид болсон Европын Зөвлөлийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр зарчмын байр суурийг тодорхойлж, энэ шийдвэрийг дэмжээгүй. Бидний байр суурь өөрчлөгдөхгүй” гэж тэрбээр твиттер хуудсандаа мягмар гарагт бичжээ.


Тавдугаар сарын 16-17-нд болсон Европын Зөвлөлийн сайд нарын түвшний уулзалтын үеэр тус зөвлөлийн гишүүн болох бүх улс “Сайд нарын хороо, Парламентын ассамблейн ажилд адил тэгш эрхтэйгээр оролцох ёстой” хэмээн дурдсан мэдэгдлийг баталжээ. Гадаад хэргийн сайд нар мөн зургадугаар сарын 26-28-нд болох ЕЗПА-н чуулганд тус байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг бүх улсын төлөөлөгч оролцохыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.


Бүрэн эрх болон санал өгөхтэй холбоотой ассамблейн шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах тухай ЕЗПА-н зохицуулах хорооны дарга Петр де Суттерын тайланг мягмар гарагт шилжих шөнө баталжээ. Уг тайланд ассамблейн зургадугаар сарын чуулганд ОХУ-ыг оролцохыг зөвшөөрсөн тогтоолыг багтаасан байна. Тайланг 118 гишүүн дэмжсэн бол 62 гишүүн эсэргүүцэж, 10 хүн түдгэлзжээ.


Украины үйл явдал болон Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотойгоор ОХУ-ын төлөөлөгчдийн санал өгөх, ажиглалтын үйл ажиллагаанд оролцох, ЕЗПА-н удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох эрхийг 2014 оны дөрөвдүгээр сард хүчингүй болгожээ. Оросын төлөөлөгчдийн бүрэн эрхийг сэргээх асуудлыг ЕЗПА 2015 онд хоёр ч удаа хэлэлцсэн боловч тухайн үед хориг арга хэмжээг зөвхөн чангатгаж байв. Үүний хариуд ОХУ-ын төлөөлөгчид ийм нөхцөлд ажиллахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн 2016-2018 онд бүрэн эрхээ баталгаажуулах мэдэгдэл илгээхээ больжээ. ОХУ мөн депутатуудын бүрэн эрхийг цуцлах эрхийг зөвхөн сонгогчдод олгох тухай заалтыг ЕЗПА-н журамд оруулахыг санал болгосон байна.


Холбоотой мэдээ