Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-26 16:00:44

НУР-СУЛТАН. /Bloomberg/. Казахстан улс сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд төрийн өмчит олон мянган хөрөнгөө хувьчилж, эрчим хүч, үйлдвэрлэл, зам тээвэр, харилцаа холбооны аж үйлдвэрүүдийнхээ хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон юм.


Эдийн засгийг төрөлжүүлж, тэлэх зорилгыг урьтал болгосон Казахстан улс нь стратегийн томоохон компаниудыг хамарсан өмч хувьчлалын шинэ замналынхаа тал хувийг туулаад байна.


Энэхүү үйл ажиллагаа дэлхийн хамгийн том уран олборлогч “Казатомпром” компани 2008 оноос хойш “IPO” гаргасан Казахстаны анхны том компани болсон 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхэлжээ. Тус компани Лондонгийн хөрөнгийн бирж болон Астанагийн олон улсын хөрөнгийн биржид /AIX/ хувьцааныхаа 15 хувийг санал болгосон нь 451 сая ам.доллар босгожээ.


Байгуулагдаад удаагүй “AIX” дотоодын хөрөнгүүдийг үндэсний болон олон улсын хөрөнгийн биржид худалдаалах ажлыг идэвхжүүлсэн байна. Үүний зэрэгцээ Казахстаны Засгийн газрын хөрөнгийн сан болох 67 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Samruk-Kazyna” сангийн бүрэн болон хэсэгчлэн эзэмшдэг том, дунд хэмжээний компаниуд 2019-2020 онд “IPO” гаргахаар төлөвлөжээ.


2019 онд бид “Samruk-Kazyna” сангийн хоёр компанийн “IPO”-г гаргахаар төлөвлөж байна гэж Казахстаны Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Алихан Смайлов өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн билээ. Эдгээр компани нь “Kazakhtelecom”, “Air Astana” ажээ. Мөн тэрбээр, 2020 оны төлөвлөгөөнд “Kazakhstan Temir Zholy”, “KazMunayGas”, “KazPost”, “Samruk Energy” компани багтсан” гэж нэмж хэлээд, 2016 онд эхлүүлсэн хувьчлалын хамгийн сүүлийн хөтөлбөр 84 хувьтай явж байна гэжээ.


Kazakhtelecom” компани Казахстаны интернэт, гар утас, телевиз зэрэг харилцаа холбооны үйлчилгээний дийлэнх хувийг хангадаг бол Төв Азийн тэргүүлэх агаарын тээврийн компаниудын нэг “Air Astana” Лондон, Франкфурт, Парис, Дубай, Дели, Сөүл, Бангкок, Хонконг зэрэг 64 чиглэлд нислэг үйлддэг ажээ. Тус компани 5000 орчим ажилтан, 34 нисэх онгоцтой бөгөөд 23 нисэх онгоц нэмж захиалаад байгаа ажээ.


Эдгээр компанийн “IPO”-г гаргах хугацааг зарлаагүй байх үед буюу өнгөрсөн гуравдугаар сард “AIX”-ийн гүйцэтгэх захирал Тим Беннетт хэлэхдээ, Сангийн яам “Air Astana” компанийн “IPO”-г 2019 оны 10, 11 дүгээр сард гаргана гэжээ.


Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Samruk-Kazyna” сангийн удирдлагуудын нэг Алмасадам Саткалиев мэдэгдэхдээ, “Air Astana” компанийн хувьцаа гаргах ажлыг “J.P. Morgan”, “UBS” компани зохицуулна гэжээ. Тус сан “Air Astana” компанийн хувьцааны 10 хувийг ирэх 7 дугаар эсвэл 11 дүгээр сард олон нийтэд арилжих ажээ. Мөн дахин 10 хувийг ойрын хугацаанд гаргаж магадгүй байна.


IPO”-гийн ихэнхийг Лондон болон Астанагийн хөрөнгийн биржид бүртгэх бөгөөд бусад хөрөнгийн биржээс Хонконгийн хөрөнгийн биржийг сонгож магадгүй ажээ.


Хувьчлалын хамгийн том саналууд

Энэ онд Сангийн яам 117.2 сая ам.долларын үнэ бүхий 47 үндэсний хөрөнгө, 170.5 сая ам.долларын 246 нийтийн өмч хөрөнгө, 123 байгууламжийг худалдаалахөөр төлөвлөж байгаа ажээ. Мөн өөр бусад 280 байгууламжийг татан буулгах эсвэл хувьчлахаар бэлтгэж байна.


Хамгийн их анхаарал татахуйц үндэсний хөрөнгүүдийнхээ хувьцааг санал болгосноор Казахстан улс технологийн инновац дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, стратегийн аж үйлдвэрээ хөгжүүлж, олон улсын худалдаагаа нефть, хий, уул уурхайн салбараас бусад салбарт төрөлжүүлж байна. Эцсийн дүнд Засгийн газар төрийн өмчит стратегийн үйлдвэрүүдийн эзэмшиж буй хувиа 40-өөс 15 хувь хүргэхийг зорьж байгаа ажээ.


Казахстаны хувьчлалын хөтөлбөрүүдийг санаачилсан Нурсултан Назарбаев төрийн эрхийг 30 жилийн турш барьсны дараа өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд албан тушаалаасаа огцорсон юм. Түүний халааг авсан Сенатын дарга Касым-Жомарт Токаев зургадугаар сарын 12-нд тангараг өргөсөн билээ. Н.Назарбаев эрх баригч намын дарга, Аюулгүйн зөвлөлийн тэргүүний албыг үргэлжлүүлэн хашиж байна. Төрийн тэргүүн солигдсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж, эдийн засгаа хөгжүүлэх амбицтай төлөвлөгөөнүүдэд нөлөө үзүүлээгүй байна. 

Холбоотой мэдээ