Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн маргааныг хэрэгсэхгүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-26 15:57:16
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр хэлэлцэж, маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Тодруулбал, Хуралдааны үеэр, УИХ-ын итгэмжит төлөөлөгч УИХ-ын гишүүн Н.Учрал дээрх маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг хүлээн зөвшөөрчээ. Улмаар маргагч талууд харилцан ойлголцож, мэдээлэл гаргагч иргэн Э.Мөнхдаваа шаардлагаасаа татгалзсан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтын талаар иргэдээс ирсэн шаардлагын үндэслэл нь, зарим нэр томьёо тодорхой бус, олон салаа утгаар ойлгох боломжтой, мөн хуулийн зохицуулалт хоорондын уялдаа холбоо муу зэрэг сөрөг дагавар байгааг уламжилжээ. Учир нь, эл хуулийг хэрэгжүүлж буй байгууллага, эрх бүхий этгээд нөхцөл байдалд тохируулан өөр өөрөөр тайлбарлан хуулийг хэрэглэснээс иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсэх, эрх ашиг, сонирхлыг нь хөндөх, хохироох явдал олон гарч байгаатай холбоотой аж. 

Түүнчлэн Хууль зүйн их, дээд сургууль төгсөгч мэргэжлээрээ хоёр жил ажилласны дараа хуульчийн сонгон шалгаруулалтад орж, мэргэжлийн хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах эрхийг тодорхой тооны иргэнд олгохоор заажээ. Энэ нь тэдгээр албан тушаалтай адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа зэрэг гомдол, шаардлага Үндсэн хуулийн цэцэд ирсэн байна.

Тиймээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчийг орхигдуулалгүй, мэргэжлийн байгууллагад дадлага, туршлага, мэдлэг олж авсан байдлыг тодорхойлох зэргээр хуулийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тухай хууль тогтоогчийн байр суурийг хуралдааны тэмдэглэлд онцолжээ. 
Холбоотой мэдээ