Европчууд хэт халах үзэгдлийг даван туулахад бэлтгэж байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-26 16:01:41

ПАРИС. /CNN/. Европын орнуудад хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан олон нийтийн сэрүүцэх өрөө байгуулах, усан бассейнуудын цагийн хуваарийг сунгах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Европ тивийн олон хотод агаарын температур Цельсийн 40 хэм давах төлөвтэй байгаа бөгөөд агаарын чийгшлийн улмаас дээрх хэмээс халуун мэт мэдрэгдэж магадгүй гэж цаг уурчид анхааруулжээ.


Зургадугаар сарын сүүлээр агаарын температур ердийн үеийнхээс өндөр байхыг Францын Цаг уурын газраас мэдээлжээ. Мөн Бельгийн Үндэсний цаг уурын газрын мэргэжилтнүүд Чех, Франц, Герман, Итали, Испани, Швейцарт хэт халахыг анхааруулаад, өдрийн цагаар хүч шаардсан аливаа үйл ажиллагаанаас зайлсхийж, шингэн юм сайн уухыг зөвлөсөн байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халах үзэгдэл улам тогтмолжиж, улам ноцтой болж байгааг эрдэмтэд сануулж байна. Францын Цаг уурын газрын мэдээлснээр, 2050 он гэхэд хэт халах үзэгдэл хоёр дахин нэмэгдэх ажээ.


Францад 2003 оны наймдугаар сард агаарын температур 44.1 хэмд хүрсний улмаас 14 мянга гаруй настай хүн нас барж байжээ. 

Холбоотой мэдээ