А.Өлзий-Орших: “Legend” шоу өвөрмөц, өнгөлөг болно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-27 15:08:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмэнт брэндийг бий болгох зорилготой “Legend” шоу  7 дугаар сарын 7-12-ны өдөр 19:00 цагаас “Corporate Hoteland  Convention Centre”-ийн концертын их танхимд тоглоно. “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл билээ. Тус тоглолтын тухай  “Nomadic ballet” продакшны захирал А.Өлзий-Оршихтой  ярилцлаа.

-Танай продакшн контемпорари, модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Удахгүй болох тоглолтдоо яагаад домгийн сэдэв оруулах болов оо?

-“Legend” гэж энэ төсөл бол домгийн сэдэвтэй. “Бэрцэцэг” гэж зохиолыг илүү баяжуулснаараа онцлог. Миний хувьд, эрэгтэй гол дүрийг бүтээж байгаа. Өөрөөр хэлбэл, Бэрцэцэг гэдэг гол дүрийн амраг сэтгэлт залуугийн дүрийг гаргана. Гол дүрийн залуу дайнд яваад амь үрэгддэг. Амь үрэгдсэн баатар сэтгэлт бүсгүй дээрээ хун шувуу болж ирж байгаа юм л даа...“Legend”  шоунд маань манай “Nomadic ballet”-ын чадварлаг бүжигчдээс гадна “Enhee boy” циркийнхэн, үндэсний хөөмий, ардын урт богинын дуу, бүжиг нэгдэн нийлэн өвөрмөц цогц тоглолт болно.

-Домгоос сэдэвлэсэн бүтээлдээ модерн хувцастай байх уу,  монгол хэв маягтай байх уу?

-Зохиол маань монгол  үндэсний домог ч гэлээ, найруулга нь контемпорари чиглэлийнх болохоор шинэ урсгал чиглэлийн дэглэлт, хувцаслалтыг  харуулна. Өвөрмөц, өнгөлөг байдлыг гаргахыг хичээж байгаа.

-Танай продакшн цөөхүүлээ. Гэвч олон төрлийн олон уран бүтээлч нэгдэж ажиллах юм шиг байна? 

-Манай продакшн 5 эрэгтэй, 5 эмэгтэй гишүүнтэй. Бүгд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид.

Бид  продакшнаа байгуулахдаа  хоцрогдоод байгаа контемпорари чиглэлийг илүү хөгжүүлье гэсэн.  Биднээс өмнө зөндөөн олон бүжгийн жүжиг, бүжгүүд тоглож байсан ч бид контемпорари чиглэлийг хөгжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулъя,энэ урлагийг олон хүн үздэг болоосой гэдэг сэтгэлийн  зорилгоор нэгдсэн. Энэ удаагийн төсөлд олон уран бүтээлч оролцож байгаа нь онцлог юм.

-Хамгийн анхны тоглолтоо хаана хийсэн бэ?

-Хамгийн анх сентиментал буюу "Мэдрэхүй" гэдэг тоглолтоо “Corporate”-д хийж байсан. Энэ тоглолтын онцлог нь Майкл Жексоны дуунууд гэхчлэн хүн болгоны мэддэг, таньдаг үе үеийн уран бүтээлчдийн дуун дээр орчин үеийн модерн, контемпорари төрлүүдээс оруулж жүжиглэсэн.

 Анхнаасаа энтертайнмэнт шоу талдаа байсан болохоор улам л сайн болгох гээд хичээцгээж байна. 

-Модерн, контемпорари чиглэл нь монгол үндэсний онцлогтой хэр нийцдэг вэ?

-Манай Монголын үндэсний урлаг, тэр тусмаа үндэсний бүжиг бол маш олон жилийн түүхтэй. Манай бий биелгээ үндэсний монгол бүжиг маань илүү модерн, контемпорари чиглэлтэй их  ойр дөхөм шүү дээ. Тэгэхээр юуг ч хийж болохоор.  “Legend” шоу бол үүний тодорхой илэрхийлэл болно.

                                                                                                                                                                                  Д.Отгонцагаан

А.Өлзий-Орших: “Legend” шоу язгуур болон орчин үеийн урлаг, бүжгэн жүжгийг хослуулсан өвөрмөц тоглолт болно

                                                                                                                                                                                   

Холбоотой мэдээ