АНУ, БНХАУ худалдааны дайнд түр зогсолт хийхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-27 14:29:25

ХОНКОНГ. /South China Morning Post/. Худалдааны маргааныг зохицуулах асуудлаарх яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Хятад болон АНУ Осака хотод болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны дайнд түр зогсолт хийхээр тохиролцжээ.


Энэ тохиролцоо нь Хятадын өөр 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулах АНУ-ын эрх баригчдын төлөвлөгөөг хойшлуулж байгаа юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалтын дүнд талууд энэ асуудлаарх байр сууриа уялдуулсан мэдэгдлийг тусдаа хийнэ гэж “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.


БНХАУ-ын дарга “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирэхгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар даруй ногдуулна гэдгээ АНУ-ын засаг захиргаа өмнө нь анхааруулж байсан юм.


Худалдааны маргаанд хийх түр зогсолт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа хэдий ч худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэхэд 6 сарын хугацаа шаардагдана хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ