Баян-Өлгийн 36 сурагч ЭЕШ-аас өндөр оноо авч мөнгөн урамшууллын болзлыг хангажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-27 15:18:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны V хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталж, ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагч, түүний бэлтгэсэн багш, сургуульд мөнгөн урамшуулал олгохоор журамласан байдаг. Дээрх журмын болзлыг энэ жил 36 сурагч хангажээ.

Тодруулж хэлбэл, 2019 оны ЭЕШ-д орохоор тус аймгаас 812 хүүхэд бүртгүүлснээс 181 шалгуулагч шалгалтад ирээгүй, цагаасаа хоцорсон таван шалгуулагч орж чадаагүй байна. Шалгалт өгсөн 626 сурагчаас 23 нь 700-725, таван сурагч 726-749, найман сурагч 750-800 оноо авчээ. Харин 800 оноо авсан хоёр хүүхэд байна.

Урамшууллын болзол хангасан сурагчдын тоо өнгөрсөн оныхоос 59-ээр бага юм.  

Дашрамд сануулахад, дээрх журмын дагуу ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагчийг 450-500 мянга, 726-749 оноо авсан сурагчдыг 55000-65000, 700-725 оноо авбал 25000 төгрөгөөр тус тус урамшуулах ажээ.

Холбоотой мэдээ