“Хурд-Хайртай” аян Хэнтий аймгаас эхэллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-01 14:07:26

Хэнтий /МОНЦАМЭ/ "Хурд - Хайртай" соён гэгээрлийн аян зүүн бүсийн нутаг Хэнтий аймгаас эхэллээ. 

Улс орны хувь заяа өрх гэрийн тэргүүн болсон эрчүүдийн гарт байдаг. Эрчүүд, хүүхэд залууст зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай" Соён гэгээрлийн аяныг улс орон даяар ийнхүү эхлүүлж байна. Боловсролын салбараас эхлэн нийгмийн бүх шатанд соён гэгээрүүлэх, олон нийтийн оролцоотой Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү аяныг 25 жилийн түүхтэй, Монголын рок поп урлагийн амьд домог болсон Хурд хамтлагийнхан санаачилжээ. Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго оршиж байгаа юм. Хурд хамтлагийнхан энэхүү аянаараа  21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрлийн уулзалт, ёслолууд зохион байгуулах аж.  “Хайртай” аяны  багт дөч гаруй залуу уран бүтээлч, лектор, арын албаныхан хамтран ажиллаж байгаа бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин ажиллаж байна.

Энэхүү аяныг аймаг орон нутгийн зүгээс талархалтайгаар хүлээн авч дэмжлэг үзүүлж ажилласны хувьд төслийн багийнхныг Чингис хотын хаалган дээр ёслол төгөлдөр угтаж авсан юм. Зүрхэн нутгаас эхэлсэн төслийн багийнхан Хэнтий аймаг, Чингис хоттой танилцсаны зэрэгцээ нутгийн удирдлагууд болон Хан Хэнтий чуулгын хамт олонд талархлаа илэрхийлж Хурд хамтлагийн 25 жилийн түүхийг бэлгэдсэн алтан пянзыг дурсгал болгон үлдээсэн юм. Түүнчлэн аймгийн Засаг даргатай уулзах үеэр:


“Хэнтий аймгийг хөгжүүлэхийн тулд хүний оюун ухаанд хөрөнгө оруулсан, аялал жуулчлалыг хөгжүүлсэн бүтээлч аймаг болохыг эрхэм зорилгоо болгосон”


гэж ярьсан нь эх нутгаа хайрлаж байгаагийн тод илэрхийлэл хэмээн тоглолтынхоо үеэр онцолж байсан юм. Энэ үдэш Чингисийн талбайд сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн олон хүн нэг дор цугларч Хайртай аянд нэгдэж буйгаа илэрхийлэв. Тоглолтод урилгаар Дуучин Баярцэцэг, Чоно хамтлагийн дуучин Дэрмээ болон "My Voice" шоуны шилдэг оролцогчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөв. Хурд хамтлагийн тухайд бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулсан юм. Ийнхүү Хурд хамтлаг урлаг соёлоор дамжуулж Хэнтийчүүдийг соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэйгөөр эхлүүлж дараачийн аймаг руу хүлгийн жолоогоо заллаа.


"Хурд" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Отгонбаяр:

- Хайр гэдэг агуу зүйл монгол түмэнд яг одоо ус агаар мэт  дутагдаад байгаа юм. Манай  хамтлагаас санаачилсан  аян өнөөдрөөс эхлээд  21 аймгийг  тойрон аялан тоглолт хийнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайшанд, Замын-Үүд, Говьсүмбэр, Багануурт эхний аянаа хийж, залуучуудын уулзалт, цэрэг, эх орон болоод эрчүүд рүүгээ хандсан бүтээл хийхээр төлөвлөж байна. Миний хувьд, залуу уран бүтээлчидтэйгээ энэхүү аяныг эхлүүлж байгаадаа баяртай байна. "Voice"-ийн уран бүтээлч залуучууд хамтран ажиллаж байна. Бид дэргэдээ байгаа зүйлээ хайрладаггүй, анзаардаггүй, байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй болчихжээ. Иймээс нийгмийн хар "масс"-ыг авч хаях, сэтгэл зүйг цэвэрлэхэд, ухааруулахад энэ аян маань үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна. Бид эх орондоо хайртай байх хэрэгтэй. Хамгийн гол нь нэг нэгнээ хайрлах хэрэгтэй гэдгийг ухааруулах, түмэнд сонордуулах зорилгоор энэхүү аянаа эхлүүлж байна. Бас нэг чухал зүйлийг энд онцлоход: Хурд хамтлаг бол улс төрийн шоу хийж явдаг үнэ цэнэгүй хамтлаг биш, хэн нэгэнд долигонох дургүй. Зүгээр л бид Монгол эх орноо бүтэн тойрч хайрыг түгээхийг л зорьж явна.

 

 "Хурд" хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар:

-"Хурд" хамтлаг байгуулагдаад 25 жил болсон ч Монгол орноо бүтэн тойрсон нь цөөхөн. Энэ удаагийн аян маань үнэгүй гэдгээрээ онцлог.  Ард түмэндээ талархсан сэтгэгдлээ илэрхийлж аялан тойрох гэж байна. Аяны гол зорилго бол нэгнээ хайрлах, хамтдаа  соён гэгээрэх, аливаад  хүлээцтэй хандах, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээх, нийгэмд үүнийг дуулгах хэрэгцээнд тулгуурлаж байна. Нийгмийн сэтгэл зүй савалгаатай байгаа энэ цаг үед  урлаг уран бүтээлчдээ төлөөлөн түүчээлээд, соён гэгээрлийн замыг гаргах гэж  байгаадаа сэтгэл хангалуун байна. "Хурд" хамтлагийн дуу хөгжмийн техник хэрэгслийг ачсан урт цуваа үүслээ.

Монголд үндэсний  урлаг, соёлын  контент гэж бараг байхгүй. Гэтэл бид ямар том соёлын өв бүтээгчид билээ. Тиймээс аяны хүрээнд мөн үндэсний контент бэлдэхээр жилийн өмнөөс төлөвлөн ажилласан. Энэхүү аяныг эдийн засаг болон бие хүч сэтгэлээрээ дэмжин ажиллаж байгаа нийт байгууллага, уран бүтээлч, төр засаг, хувь хүмүүстэй талархаж байгаагаа илэрхийлье. "Хурд" та бүхэнд хайртай. "Хурд" Монголдоо хайртай. "Хурд" бүхэнд хайртай” гэв. Ийнхүү тэд аян замдаа гарлаа.


Холбоотой мэдээ