Туршлага судлах багийнхан Баянхонгорт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Нэг цэгийн үйлчилгээний хамгаалах байрны ажилтнуудын туршлага судлах аялал Баянхонгорт үргэлжлэв.
Тодруулбал, Монгол улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээр ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй туршлага судлах баг Баянхонгор аймагт ажиллалаа. Тус ажлын хэсгийхнийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс угтаж авч, аймгийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийсэн юм.
Туршлага судлах танилцах аялалд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байрны зэрэг хүчирхийллийн эсрэг хамгааллын үйл ажиллагаа явуулдаг холбогдох албаны төлөөллүүд багтжээ.
Тус туршлага судлах ажлын хэсгийн аялал долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд орон нутаг дахь Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, өөрийн орон нутагт нэвтрүүлэх боломжтой шилдэг арга туршлагыг суралцах боломжоор хангагдаж буйн зэрэгцээ бие биетэйгээ нөхөрлөсөн, арга барилаа хуваалцсан үр дүнтэй аялал болж буй аж.
Улсын хэмжээнд хүчирхийллийг таслан зогсоох, бууруулах зорилго бүхий Нэг цэгийн үйлчилгээний арав гаруй төв үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Баянхонгор аймагт байдаг юм.