Монголын хөлбөмбөгт 2020 онд хэрэгжих түүхэн өөрчлөлт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-30 09:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны Зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 01 тогтоолоор 2020 оноос хөлбөмбөг, футзалын хөлбөмбөгийн төрлийг тус тусын бодлогын дагуу хөгжүүлэхийг баталсан.


Уг бодлогын хүрээнд, МХБХ-ны мэргэжилтэн О.Аззаяа Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-нд ажиллаад сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Футзалын чиглэлээр 2016 оноос эхлэн түлхүү анхааран ажиллаж, мэргэшсэн О.Аззаяа одоогоор АХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэст ажиллаж байна.


Тус холбоон дахь түүний дадлага ажил үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд наймдугаар сараас АХБХ-ны Техникийн хэлтэс, 10 дугаар сард АХБХ-ны Клуб лицензжүүлэх хэлтэст ажиллаад эх орондоо эргэн ирж, МХБХ-ны Футзалын хөгжил болон Клуб лицензжүүлэх хөтөлбөрүүд дээр ажиллах юм.



МХБХ-ноос АХБХ-нд ажиллаж байгаа анхны мэргэжилтэн О.Аззаяагаас футзалын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар сонирхжээ.


Тэрбээр “Футзал бол нийт хөлбөмбөгчдийн ур чадварыг хөгжүүлэх асар том нөөц, хүчин зүйл. Товчхондоо бол, Хөлбөмбөгийн Grassroots гэж боддог. Ялангуяа манай орон шиг хүйтэн цаг агаар давамгай бүс нутагт бол футзал нь хөлбөмбөгийн салшгүй хэсэг” гэдгийг онцолж байв. Мөн футзалын төрлөөр хүчтэй өрсөлдөгч орон болох, Монгол Улсын нэрийг Азид төдийгүй олон улсад тодоор цуурайтуулах үндсэн зорилготой АХБХ-ны мэргэжилтнүүдээс санал, зөвлөгөө авч МХБХ-ны Футзалын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна. Футзал, хөлбөмбөг сална гэж ярих нь бага зэрэг өрөөсгөл санагддаг. Учир нь, футзал бол хөлбөмбөгийн шүхэр доор байрладаг, дагуул төрөл юм. Бидэнд футзалын төрлөөр амжилт гаргах боломж, нөөц их байгаа учраас, футзалыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр шаардлагтай болсон юм. Монголын хөлбөмбөгт энэ томоохон өөрчлөлт ирж байгаа учраас эхэн үедээ асуудал, бэрхшээлтэй тулна гэж таамаглаж байна. Хэдий тийм ч үндсэн зорилгодоо хүрэхийн тулд багаар, тууштай ажиллах нь тун чухал байна. Энэ дашрамд онцлоход, АХБХ-нд ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлж өгсөн МХБХ-ны бүх удирдлагууд, нийт хамт олон, дэмжигч та бүхэндээ баярлалаа” хэмээн ярьсан юм.


Дашрамд дуулгахад, 2018 оны талбайн улирал дуусаж футзалын шинэ улирал эхлэх тэр цагаас МХБХ уг хоёр төрлийг тусад нь хөгжүүлэх ажлаа эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл футзал, хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, цаашлаад шүүгчид нь тусдаа болох ажил 2020 оноос эхэлнэ хэмээн МХБХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ