Ж.Батзандан: Авлига, хулгайн хэргийнхээ мэдүүлгийг өгөхийг урьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-01 14:57:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой хүмүүст хилийн хориг тавихыг шаардаж Улсын дээд шүүхэд бичиг хүргүүлсэн" гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. 


Тэрбээр, “АТГ-аас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгаа мэдээлэл ирлээ. Тэдгээр нөхдийг эх орондоо ирж авлига, хулгайн гэмт хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхийг Ж.Батзандан миний бие урьж байна. Мөн авлигын хэрэгт холбогдож чөлөөлөгдсөн 17 шүүгчийн нэг нь хил давж гарсан гэх мэдээлэл ирлээ. Түүний нэр усыг Засгийн газраас авсан. Энэ талаар та бүхэн Засгийн газраас нэмж тодруулах хэрэгтэй. Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн дээд албан тушаалтанд хилийн хориг тавьж, зугтахыг нь таслан зогсоох шаардлагыг Улсын дээд шүүхэд албан ёсоор бичгээр хүргүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “дээрэмдэх” ажиллагаа, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Ц.Элбэгдорж, “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбоотой Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжилж, Монголд ирүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Тиймээс цагдаагийн байгууллага зэрэг Интерполтой хамтран ажилладаг хууль хяналтын байгууллагад шаардлага хүргүүлнэ” гэв. 


Мөн тэрбээр Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх хуулийг хэрэгжүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй бол Олон улсын байгууллагаас "Саарал жагсаалт"-д оруулах эрсдэл байгааг хэллээ. Энэ талаар ярихдаа, "Сүүлийн өдрүүдэд миний бие Монголбанкны ерөнхийлөгч болоод Загсийн газрын сайд нартай уулзлаа. Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудал нь “Саарал жагсаалт” болжээ.  Манай улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр 2004 онд элссэн. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хуулиа 2006 онд баталсан. Үүнээс хойш мөнгө угаасан гэмт хэргийг нэг ч удаа шүүхээр  шийдвэрлээгүй тул олон улсын байгууллагаас  манай улсыг  саарал жагсаалтад оруулна гэдгээ мэдэгдэж байна. 


Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны удирдлагууд хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй гэдэг асуудлыг Олон улсын байгууллагууд тавьж байна. ОУВС-гаас Монголын банк санхүүгийн байгууллагад Банкны үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нэмэгдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгохыг зарим банкнаас шаардаж байна. Банкууд мөнгө угааж байгааг Олон улсын байгууллагууд хүлцэн тэвчихгүй гэдгээ мэдэгдсэн.

 

Түүчнлэн Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд нэр бүхий албан тушаалтантай хуйвалдаж, Олон улсын байгууллагын шалгалт хийлгэхгүй, Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахаар зүтгэж байна. Хэрвээ манай улс саарал жагсаалтад орох юм бол, иргэдийн бүх валютын гүйлгээ зогсож, ирэх онд Монгол Улсын эдийн засаг “дампуурч”, ам.долларын ханш 7-10 мянган төгрөгт хүрнэ гэсэн мэдээлэл байна. Иймээс Монголын хууль хяналтын байгууллагууд Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх хуулийг хэрэгжүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна” гэлээ.


Холбоотой мэдээ