Баян-Өлгий аймагт цэргийн бэлтгэл сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-02 12:51:52

Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүн, сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулсан Цэргийн бэлтгэл сургалт энэ сарын 24-26-ны өдөр Баян-Өлгий аймагт боллоо.  

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уг сургалтад Батлан хамгаалах яам болон Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын зүгээс өндөр ач холбогдол өгч, сайтар зохион байгуулсан юм. “Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нь” ерөнхий сэдвийн хүрээнд явуулсан тус сургалтаар “Аймаг, сумын орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө” боловсруулах аргачлал, болзошгүй аюул занал, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажиллагаа, орон нутгийн хамгаалалтын зохион байгуулалтын талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өглөө.

Мөн цэргийн бэлтгэл сургалтын үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Увс аймгийн Зүүнговь сумын ЗДТГ-ын дарга Б.Цээлэйнамсан, Хяргас сумын ЗДТГ-ын дарга О.Цэнд-Аюуш нарыг “Эх орны төлөө-II” хүндэт тэмдгээр, Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын дарга Т.Батсайханыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамжуулсан юм.

 

Холбоотой мэдээ