Хан хэнтийн гургалдай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-05 13:32:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүний нутгийн театрт од болон гялалзаж, хүрэх ирээдүйн оргилоор жигүүр дэлгэн нисэж буй О.Оюунцэцэг дуучныхаа амьдрал, урлагийн салбарын амжилтаас уншигч танаа толилуулъя.

 

Дуулах хүслээ мэргэжил болгон хөгжүүлж, дуулим талдаа дуугаа хадааж яваа хөдөлмөрч бүсгүй маань тавдугаар сард “Хээтэй Хэрлэн” уран бүтээлийн тогтолтоо Хэнтийн зон олондоо толилуулсан билээ. Тэрбээр ижий аавдаа энэхүү тоглолтоороо чин сэтгэлийн бэлэг барьсан нь олон ч хүний сэтгэлд хүрч нулимсыг дуслуулсан. Түүний хүчирхэг чадалтай хоолойг сонссон хэн ч бахархахгүй байхын аргаггүй.

Дуучин О.Оюунцэцэг 1988 онд Баянхутаг суманд төрсөн. Хан Хэнтий цогцолбор сургуулийг 2005 онд, Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийг 2012 онд тус тус суралцан дүүргэсэн. Ажлын гараагаа 2011 онд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” Хөгжимт жүжгийн театрт дуучнаар эхэлсэн ба 2012 оноос Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучнаар  ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа тус театрын тайзнаа тавигдсан бүх уран бүтээл оролцож ирсэн бөгөөд Б.Шарав “Аав ээж хоёр”, Сэр-Од “Ээлээ өгсөн нутаг”, Пучины “Тоска” дуурийн Тоскагийн ари, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Өргөн хангай нутаг”, “Монголын тал нутаг”, “Аз жаргалын бороо”, “Миний шүтээн” зэрэг ари, романс, зохиолын 40 гаруй дууг амжилттай дуулж олны хүртээл болгосон юм.

Мөн О.Оюунцэцэг нь өөрийн санаачилгаар театрын дэргэдэх “Мелоди” хамтлагийг байгуулж, үзэгч сонсогчдод өөрсдийн уран бүтээлээ хүргэсээр байна. Одоо тус хамтлаг нь урын сандаа 10 гаруй дуутай болжээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сонгодог урлаг-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн сонгодог  бүтээл болох И.Штраус “Сарьсан багваахай”  дуурийг Дорнод аймгийн Хөгжимт драмын театр 2014 онд  өөрсдийн тайзнаа амьдруулж үзэгч олны хүртээл болгосон. Тус алдартай дуурийн гол дүр болох “Розалиндаг” О.Оюунцэцэг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээн, үзэгчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байдаг.  

 

Түүний амжилтуудаас цухас дурдвал:

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын 7-р уралдаанд Нансалмаагийн дүрээр Дэд байрын шагнал,

-2016 онд хийж бүтээсэн уран бүтээлийн амжилт бүтээлээрээ анги хамт олноо тэргүүлж байгууллагынхаа “Шилдгийн шилдэг”-ээр,

-ОХУ-ын Улаан-Үд хотод болсон СССР-ын Ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит мэргэжлийн дуулаачдын олон улсын XII дугаар уралдаанд тусгай байр гээд түүний амжилт бүтээлийн буухиа ургах тариа буудай мэт ундарсаар л...

 

Өдгөө хань Б.Батболдын хамтаар Дорнод аймагт аж төрөн амьдарч буй. О.Оюунцэцэгийн ижий аав Баянхутаг сумын уугуул Т.Олцон, Р.Сайнбаяр гэх малч улс билээ. Хүүхэд ахуй насаа малын захад өнгөрүүлсэн бөгөөд гурван ах, дөрвөн эгчтэй өнөр бүлийн отгон охин юм. Сонирхуулж хэлэхэд, тэд гэр бүлээрээ сайхан дуулдаг гэж нутгийн ард түмэн хуучилдаг юм билээ.

Дуурийн дуут гургалдайдаа ирэх амжилтын дээд, учрах хүмүүний сайхныг хүсэн ерөөе.


Холбоотой мэдээ