Грекийн парламентын ээлжит бус сонгуулийг өнөөдөр явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АФИН. /RIA Novosti/. Грекийн парламентын ээлжит бус сонгуулийг ням гарагт зохион байгуулна. Энэ удаагийн сонгуулийн дүнд хэт зүүний үзэл баримтлагчид эрх мэдлээ алдаж, консервативчууд төрийн эрхэнд буцан гарч магадгүй байна.
Хэт зүүний үзэл баримтлагч СИРИЗА эвсэл 2015 оны нэгдүгээр сард болсон сонгуульд ялсан юм. Тухайн үед Олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагын дагуу явуулж байсан бүсээ чангалах бодлогод дургүйцсэн ард олны хөдөлгөөн өрнөж байв.
Энэ оны тавдугаар сард СИРИЗА Европын парламентын сонгуульд ялагдсан байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас энэ ялагдлыг өөрийнх нь явуулж байгаа бодлогод үзүүлж буй итгэлийн хэмжүүр гэж нэрлэжээ. Ард олны итгэлийг хүлээж чадаагүй тэрбээр парламентын ээлжит бус сонгууль явуулахаар шийдсэн байна.
2004 оноос хойш Грекийн нэг ч Засгийн газар Үндсэн хуульд заасан дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллаагүй байна. Тус улсын одоогийн Засгийн газар энэ оны 10 дугаар сард болох ээлжит сонгууль хүртэл ажиллахаар төлөвлөж байжээ.