“Лалын улс”-ын газар доорх шоронгоос 1500 хүнийг суллав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-03 15:56:12

ПАРИС. /France-Presse/. Иракийн аюулгүй байдлын хүчин тус улсын баруун нутагт оршдог Анбар мужийн Хит хотод хяналтаа сэргээх ажиллагаа явуулах үеэрээ 1500 орчим хүчнийг террорист “Лалын улс” бүлэглэлийн шоронгоос суллажээ.

Хотын дүүргүүдийг террористуудаас чөлөөлөх ажиллагааны явцад Иракийн цэргүүд “Лалын улс”-ын хянаж байсан газар доорх маш том шоронг илрүүлсэн байна. Уг шоронд энгийн иргэд голдуу 1500 орчим хүнийг хорьж байсан бөгөөд тэднийг бүгдийг нь суллажээ.

Хит хот нь Засгийн газрын цэргүүд оны эхээр террористуудыг бут цохисон Анбар мужийн төв болох Рамади хотоос 70 км зайтай газар оршдог аж. Рамадигаас ухарсан хэт давруу үзэлтнүүд Хит хот орчимд байрлалаа бэхжүүлжээ.

Анбар мужийг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийн кампанит ажлыг эхлүүлснээ Иракийн Засгийн газар өнгөрсөн оны зун мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ