“Instagram” дээрэлхсэн үг хэллэгтэй тэмцэх арга боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-09 14:08:04

ВАШИНГТОН. /BBC/. Instagram” нийгмийн сүлжээнд бусдыг хэл амаар доромжлох явдлыг бууруулах зорилгоор дээрэлхсэн үг хэллэгтэй тэмцэх аргыг Facebook” компанийн мэргэжилтнүүд боловсруулжээ.


2017 онд 14 настай, Их Британи охин Молли Рассель амиа егүүтгэсэн гэх мэт бусдыг дээрэлхэж, доромжлох зэргээс үүдэлтэй асуудлуудын улмаас “Instagram” нийгмийн сүлжээ олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.


Instagram” нийгмийн сүлжээнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд цаашид дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон гэж “Facebook” компанийн мэргэжилтэн Адам Моссери мэдээлжээ.


Instagram”-ын мэдээлснээр, сөрөг үг хэллэг бүхий бичвэрийг таньдаг хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдэд зохисгүй үг хэллэг ашигласныг нь анхааруулах ажээ.


Жишээлбэл, хэрэв хэн нэгэн “Чи маш царай муутай, тэнэг юм” хэмээн бичсэн тохиолдолд “Та үүнийг нийтлэхдээ итгэлтэй байна уу? Энэ талаар илүү ихийг судлах” гэсэн анхааруулга гарч ирэх гэнэ.


Хэдийгээр хэрэглэгч уг анхааруулгыг үл тоомсорлон нийтлэх боломжтой хэдий ч “Instagram”-ын мэдээлснээр, эхний туршилтуудаас үзэхэд уг арга нь хүмүүсийг сэтгэгдлээ өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байжээ.


Ташрамд дурдахад, Кевин Систром, Майк Кригер нарын 2010 онд бүтээсэн "Instagram" нийгмийн сүлжээг "Facebook" компани 2012 оны дөрөвдүгээр сард нэг тэрбум орчим ам.доллароор худалдан авсан билээ. 

Холбоотой мэдээ