Японд баавгайн дайралттай тэмцэхэд цэргүүдийг дайчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-11-06 10:22:33

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /NHK/. Японы эрх баригчид тус улсын хойд бүс нутагт баавгайн дайралт олширч байгаатай тэмцэхэд цэргүүдийг дайчлахаар шийдвэрлэжээ.


Баавгайнууд олон арван хүн рүү дайрсан бөгөөд 12 хүн амиа алджээ. Эрх баригчдын мэдээлснээр, энэ оны эхнээс хойш хүн амьдардаг газруудын орчимд баавгай үзэгдсэн 8 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг зургаа дахин их байна.


Хамгийн хүнд нөхцөл байдал Акита мужид үүсээд байна. Тэндхийн оршин суугчид нар жаргасны дараа гэрээсээ аль болох гарахгүй байж, ойн жимээр явахгүй байгаа ажээ. 


Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдлага дор иргэний албадыг дэмжихийн тулд цэргийн хүчийг дайчлахаар шийдвэрлэжээ. Цэргийн алба хаагчид баавгайнуудыг агнахгүй, харин аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг хамгаалалтын бамбай, тор, шүршигч зэрэг айлгаж үргээх хэрэгслээр хангасан байна. Цэргүүдийн гол үүрэг нь тор тавих, барьсан амьтдыг тээвэрлэх, анчдад туслалцаа үзүүлэх явдал юм.


Баавгайнууд хүн рүү дайрах нь эрс олширсон нь уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн бүс нутгууд эзгүйрч байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Идэш тэжээл нь хомсодсоны улмаас баавгайнууд хүн суурьшсан газар руу идэш тэжээл хайн ирэх болсон байна. Японд мөн  анчдын тоо цөөрсөөр байгаагаас шалтгаалан махчин амьтдын тоо толгойг хянахад хүндрэлтэй болжээ. 



Холбоотой мэдээ