Б.Дашдондог: "The Hu" хамтлаг рок хөгжмийн урсгалд том өөрчлөлт авчирсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-10 13:55:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнав. Шагналыг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны ёслол хүндэтгэлийн цогцолборт гардуулав. 


"The Hu" хамтлаг саяхан Европын 13 оронд 23 тоглолт зохион байгуулж, дэлхийн томоохон найман рок хөгжмийн наадамд оролцож, нийт 200 мянга гаруй үзэгчдэд ая дуугаа өргөжээ. Дэлхий даяар нэр хүнд нь тархан мандаж буй тус хамтлагийн Монгол Улсыг дэлхийд сурталчилж буй гавьяаг нь үнэлж дээрх шагналыг гардуулжээ. 


Тус хамтлагийн гишүүд Европын орноор хийсэн аялан тоглолтоо дуусгаад эх орондоо энэ сарын 8-нд ирсэн бөгөөд өчигдөр Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнуулсан. Мөн өнөөдөр тус хамтлагийн гишүүд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулаад буй юм.


Шагнал гардсаны дараа "The Hu” хамтлагийн ахлагч Ц.Галбадрахаас Европын орноор аялан тоглосон талаарх сэтгэгдлийг нь сонслоо. 



Тэрбээр, “Бидний хамгийн анхны олон улсын тоглолт маш гайхамшигтай эхэлсэн. Дэлхийн алдартай наадамд анх удаа оролцож үзлээ. Бие даасан тоглолтын тасалбар тоглож эхлэхээс өмнө дууссан байсан. Тоглож эхлэх бүрт олон мянган хүмүүс “Хү, Хү” хэмээн нэгэн зэрэг орилж сэтгэлийн тэнхээ өгч байлаа. Европын Рокын парк наадмыг бид эхлүүлсэн. Тус наадмын эхэнд 75 мянган хүн цуглаж, хүмүүсийн сэтгэлийн хөдлөл их байсан нь сүүлийн 10 жилд байгаагүй тохиолдол гэж зохион байгуулагчид хэлж байсан нь бидэнд маш том урам өгсөн юм. Цаашид Монгол Улсынхаа түүх, өвөг дээдсийнхээ үлдээсэн язгуур урлаг, өв соёлоо дэлхийд мандуулахын төлөө “Хү” хамтлаг зорих болно” гэв. 



Мөн "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондогтой ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.


-Юуны өмнө Үндэсний их баяр наадмаар шагнал хүртэж байгаад баяр хүргэе. Та бүхэн наадмын нээлтэд оролцож ая дуугаа өргөх боломжтой юу?

-Бид АНУ-ын “Eleven seven music entertainment компанитай гэрээтэй ажилладаг. Энэхүү гэрээний дагуу тухайн компанийн төлөвлөгөөний дагуу ажиллана. Энэ жилийн наадмын нээлтэд оролцохгүй болсон шалтгаан нь тухайн “лабел”-ээс бидэнд зөвшөөрөөгүй. Ирэх жилийн наадмын нээлтэд оролцоно гэдэгт итгэлтэй байна.


-Саяхан Европын орноор аялаад ирсэн сэтгэгдлээ хуваалцбал?

-Европын 13 орноор 23 удаа тоглож, 200 мянга гаруй хүнд уран бүтээлээ түгээсэн байна. Үүнээс гадна дэлхийд нэр хүнд бүхий найман рок хөгжмийн наадамд оролцсон. Англи улс бол Рок хөгжмийн урсгалыг бий болгосон "эксперт"-үүдийн орон. Тэд биднийг дүгнэж хэлэхдээ, Рок хөгжмийн хөгжил тулаад, цааш хөгжих эсэх нь эргэлзээтэй байх үед “Хү” хамтлаг гарч ирж, маш том өөрчлөлт авчирсан гэж байсан.



-Та бүхнийг Хүннү рокыг үндэслэгчид гэж ярьж байна. Сонсоход шинэ мэдрэмж, аялгуу сонсогддог. Энэ санаа хаанаас төрсөн бэ?

-Мэдээж өвөг дээдсээс уламжилж ирсэн өв. Үүнийг зөвөөр гаргана гэдэг чухал, хүнд ажил байсан. Би аавынхаа нутаг Ховд аймгийн Чандмань суманд амарч байхдаа энэхүү санааг олсон. Энэ нутаг бол хархираа, хөөмийн өлгий шүү дээ. Нутгийн хайрхан, савдагууд энэ санааг санал болгосон байх гэж боддог.


-Анх ийм том амжилтанд хүрнэ гэж бодож байсан уу?

-Амжилтанд хүрнэ гэж бодож байгаагүй ч судалгаанаас харахад яг энэ урсгал дэлхийд байхгүй юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс итгэлтэй байлаа.


-Хамтлагийн гишүүдийг хэрхэн сонгосон бэ?

нэ хамтлагийн гишүүдийг хоёр жил шахуу хайсны эцэст сонгож авсан.


-Хамтлагийн нэрийг “Хү” гэж нэрлэсэн учир юу вэ?

-"Хү" гэдэг хүн гэдэг үгний эх шүү дээ. Англи хэл дээр “Human” гэдэг. Ерөнхийдөө “Хү” гэдэг дэлхийд цор ганц оюун ухаант амьтныг нэрлэсэн үгийн эх юм.


-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-Эхний цомогоо ёс дүгээр сард гаргана. Бид одоогоор дараагийн цомогийнхоо талаар хараахан ярилцаж эхлээгүй байна. 

Холбоотой мэдээ