Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-10 17:42:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт эхэллээ.


Тоглолтыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрбээр, "Азийн цээжинд нүүдэлчдийн их гүрнийг байгуулж, нийтийн тооллоос өмнө төрт ёсны түүхээ эхлүүлсэн монголчууд бид тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийнхээ омог бардам гайхамшигт их түүхээрээ бахархаж, үндэсний их баяраа ёслол төгөлдөр, өрнүүн дэлгэр тэмдэглэж байна. Эдгээр түүхэн ой Монгол Улс өнөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар, эх оронч үзлийг бидэнд уламжлуулж, өнгөрсөн түүхээсээ суралцах, өнөөдрөө нүүр бардам цогцлоон бүтээх, ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөх боломжийг олгож байгааг онцлон тэмдэглэе. 1911 оны цагаагчин гахай жилийн өвөл үндэсний эрх чөлөөний хувьсгалаа ялалтад хүргэж, туурга тусгаар, эрх чөлөөт Монгол Улсаа сэргээн мандуулж байсан улаан залаат хөх монголчуудын үр сад, хойч үе бид энэ жилийн  шарагчин гахай жилд сүүлийн 27 жилийн туршид даган мөрдөж ирсэн Үндсэн хуулиа нийгмийн зөвшилцлийн өргөн хэлэлцүүлгийн үр дүнд өөрчлөн сайжруулах их үйлсийг эхлүүлж, өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа цэгнэн дэнсэлж, туулсан зам мөрөө эргэн харж, ирээдүйн чиг баримжаагаа улам тодотгож байна. Манай ард иргэд, баялаг бүтээгчид, цуцашгүй хөдөлмөрч малчдын хичээл зүтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой өсч, эдийн засаг сэргэн, Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд  Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зэрэг цар далайцтай, томоохон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Өнөөдөр орон даяар эхэлж байгаа монгол түмний их баяр цэнгэл-үндэсний баяр наадам нь манай ард түмний бүтээлч санаачлага, зориг эрмэлзлийг дээд зэргээр хөгжөөн оргилуулж, үндэсний эв нэгдлийн бат гагнаас болдгоороо онцлогтой. Наран ургах зүгийн Соёлз уулаас наран жаргах Алтай таван богд хүртэл, умард зүгийн Монгол шарын даваанаас өмнийн говийн Орвог гашууны бор толгой хүртэл цэлгэр уудам нутгаа эзэгнэнхэн суугаа эрх чөлөөт монгол түмэндээ, гадаадын олон оронд ажиллаж, сурч, аж төрөн суугаа монгол иргэддээ, энэ дэлхийн өргөн уудам орон зайд тархан суурьшсан элэг нэгт монгол угсаатнууддаа Монгол наадмын цогтой халуун мэндийг хүргэе" гэлээ.

Холбоотой мэдээ