Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон шахай жилийн зуны адаг сарын шинийн 11. Сугар гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.