“Дугуйн зам”-д 640 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-03 21:55:32

Дархан-Уул аймаг “Дугуйн зам” төслийг энэ онд хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж 640 сая төгрөг, ногоон байгууламжид 80 сая төгрөг зарцуулахаар баталсан юм. 

Шинэ хуучин Дарханыг холбосон 14 км явган хүний зам дагуу хотын жишигт нийцсэн “Дугуйн зам” төслийг амралтын бүс, ногоон орчин, гарц гэрлэн дохионы хамт цогцоор нь шийдэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулж аймгийн Засаг дарга А.Энхболд “Гудамж төсөл”-ийн хамт олонтой Дархан хот дотор явган алхалт хийж тус замтай холбоотой асуудлаар газар дээр нь танилцаж санал солилцлоо. Энэ ажлыг саяхан болж өнгөрсөн “Дарханы хөгжил эдийн засгийн форум”-ын үеэр шийдвэрлэж улмаар тус төслийн хамт олон аймгаас санхүүжилт хүсэлгүйгээр зураг төслийг хийх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, тендерт шалгарч гүйцэтгэх компаниудын ажлыг хянах зэрэгт хамтарч ажиллахаар болсон юм. Хийж гүйцэтгэхэд цаг хугацаа шаардагдах хэдий ч төслийн ажлыг хэсэгчлэн эхлүүлж энэ зундаа ашиглалтад оруулахаар болжээ.

Мөн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлнэ. Үүний дагуу “Гудамж” төслийнхэнд байршлын хэсгийг танилцуулж холбогдох албаныхан зөвлөгөө авсан. Уг төсөлд БНХАУ-ын “Нари групп” хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар болж явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг бий болгохоос гадна бүх төрлийн худалдаа үйлчилгээ явуулах нөхцөлийг олгож ингэснээр иргэд оюутан залууст сурч боловсрох, спортоор хичээллэх ногоон орчин бүрдэнэ гэж үзжээ. 

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ