“Говийн чоно 2016” сургуулилт дөрвөн өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-04 01:04:23
oyuka_hu@yahoo.com

“Говийн чоно 2016”  дадлага, сургуулилт өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Уг сургалтыг АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Онцгой байдлын Ерөнхий газар хамтран 2009 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Улаанбаатар, Орхон аймагт хийж байна.

Дадлага, сургуулилт энэ сарын найман хүртэл буюу дөрвөн өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн сургуулилтыг Орхон аймаг дахь газар хөдлөлтийн зохиомжид тулгуурлан хийж байна.  Ингэхдээ Эрдэнэт хотоос холгүй зайд газар хүчтэй хөдөлж үүний улмаас барилга байгууламж сүйдэж, далан нурж, Жаргалант сум усанд автсан гэх нэлээн хүнд байдлыг сонгожээ. Тухайлбал, Парк вью орон сууцны хотхоны гурван барилгын нурангид дарагдсан иргэдийг аврах, Жаргалант суманд усанд автсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аймгийн төмөр замын өртөөнд олон улсын тусламжийг хүлээн авах зэрэг гурван газарт сургуулилт хийнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Оюу” танхимд аймгийн Онцгой комиссынхон хуралдана.

“Говийн чоно 2016” дадлага, сургуулилт нь “Гамшгийн эрсдлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хурлаас баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн эхэн үе болж байгаагаараа онцлог юм.

            Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ