Бие бялдарын түвшин тогтоох сорилго судалгаа явуулав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-17 14:47:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ нийслэлийн 5 дүүрэг, 5 аймагт бие, бялдарын түвшин тогтоох сорилго судалгаа явууллаа.

Үүний нэг нь Орхон аймаг. Тус аймагт 18-65 хүртэлх насны 200 иргэнээс гар, хөл, хэвлийн булчингийн чангаралт, хурд хүч болон амьдралын хэв маяг, идэвхитэй хөдөлгөөн, зан үйл зэргийг тодорхойлжээ.

Уг сорилго судалгааг улс орон даяар 2010 оноос авч эхэлсэн бөгөөд энэ удаа зарим сорилго судалгааг өөрчилсөн байна. Тухайлбал, өмнө нь тэнцвэрийн байдлыг шалгахдаа иргэдийг нүдийг нь аниулж тойрогт алхуулдаг байсан бол энэ удаа нүдийг нь аниулж нэг хөлийг нь өргөж 30 секунд зогсоож шалгасан аж.

Энэ мэтчилэн зарим хөдөлгөөнийг өөрчилжээ. Бие бялдарын түвшин тогтоох сорилго иргэдийн дунд явуулж буй нь иргэд хэр идэвхитэй хөдөлгөөн хийдэг болон биеийн тамираар хичээллэдэг эсэх цаашлаад эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байгааг тогтоох зорилготой ажээ. Уг сорилго судалгааг улсын хэмжээнд 2000 иргэнээс авна. 

Холбоотой мэдээ