Дэлхийн цэргийн спортын наадам болох Ү Хань хот тамирчдаа хүлээж авахад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-16 19:07:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн цэргийн спортын долоо дахь удаагийн наадам ирэх 10 дугаар сарын 18-27-ны хооронд БНХАУ-ын Ү Хань хотод болох гэж байна.

 

Тус наадам нь нийт 25 төрлийн томоохон тэмцээн, уралдаантай бөгөөд үзүүлэх тоглолт хоёр, жижиг төрлийн 320 тэмцээн болдог байна. Үүнд: агаарын цэргийн, цэрэгжилт, далайн цэргийн зэрэг тус бүртээ таван төрөл тэмцээн багтдаг. Эдгээрээс шүхрээр буух төрөл нь цэргийн спортын онцлох төрөл аж. Харин бусад нь олимпын төрөлд багтана.

Энэхүү наадмыг зохион байгуулагч “Дэлхийн цэргийн спортын холбоо” /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодуудын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан найрамдлыг зузаатгах, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Тус  холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны "Дэлхийн цэргийн спортын наадам"-д оролцож 1 мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол оролцож байна. Тухайлбал, 2015 онд БНСУ-д зохиогдсон Дэлхийн цэргийн /CISM/ VI наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг, тамирчид спортын 8 /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, спортын 5 төрөлд алтан медаль - 6, мөнгөн медаль - 12, хүрэл медаль - 6 нийт 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 байрт шалгарсан өндөр амжилт үзүүлж байв. Мөн Монгол Улсын “Алдар” спорт хороо нь Цэргийн зүүн Азийн анхдугаар тэмцээнийг Монголдоо зохион байгуулж, оролцогч орноос зохион байгуулагч орон болон үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байна.






Энэ удаагийн Дэлхийн цэргийн спортын долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын тамирчид 110 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэй, спортын 10 төрөлд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. 


Дэлхийн цэргийн спортын долоо дахь удаагийн наадам болох газраар сонгогдсон Ү Хань хот эртнээс бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ. Тухайлбал, тэмцээнд зориулж 35 барилгыг шинэчлэн засварлаж, найман дуу зохион, 30 мянган сайн дурын ажилтанг хамруулжээ. Мөн тэмцээнийг олонд таниулах 20 хүнийг сонгон шалгаруулсан байна.

 

Тус тэмцээний бэлтгэл ажилтай танилцуулах хүрээнд БНХАУ-ын China Daily сониноос олон улсын томоохон мэдээллийн 14 агентлагийн сурвалжлагчдыг урьсны дотор Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг 7 дугаар сарын 11-15 өдрүүдэд Ү Хань хотод ажилласан юм.

 

БНХАУ-ын Хубэй мужид орших Ү Хань хот нь алдарт мөрөнгийн хот гэгддэг бөгөөд нийт 8494 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг юм. 3500 жилийн түүхтэй тус хотын дөрөвний нэгийг ус эзэлдэг онцлогтой. Хүн ам нь өдгөө 12 саяд хүрч, хөгжлөөрөө улс дотроо дээгүүрт бичигдэж буй Ү Хань хот их дээд сургуулийн тоогоороо БНХАУ-д гуравдугаарт бичигддэг,  “Бүс ба зам” санаачилгын стратегийн чухал хот аж. Улсын хэмжээний А зэрэглэлийн Хуанхэ лу, Зүүн мөрний болон Муланы эко аяллын бүс нь тун ч алдартай билээ. Тус хоттой бүхэлд нь танилцахын тулд “Ү Хань хотын төлөвлөлт үзэсгэлэнгийн танхим”-аар зочиллоо. Нийт 22430 хавтгай дөрвөлжин метр талбайтай, таван давхар, 18 үзэсгэлэнгийн хэсэгтэй тус танхим нь хотыг бүх талаас нь жижгэрүүлсэн /макет/ хувилбараар харуулна. Мөн хотын хөгжлийн түүх хийгээд, хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн тухай ч тус үзэсгэлэнгийн танхимаас мэдэх боломжтой.








Ү Хань хотын “Морин спортын парк”


“Дэлхийн цэргийн спортын тэмцээн”-ий нэгэн гол төрөл нь морины уралдаан юм. Тэмцээний үеэр таван төрлийн морины уралдаан болох бөгөөд үүнд Ү Хань хот эртнээс бэлджээ. Тэмцээн болох “Морин спортын парк” нь 90х60 метр бөгөөд 60х60 метрийн хэмжээтэй бэлтгэл сургуулилтын хоёр талбайтай аж. Тус морины уралдааны талбайд 10 метрийн урттай, есөн метрийн өргөнтэй дэлгэц суурилуулсан нь тэмцээний дүнгийн системтэй шууд холбогджээ. 620 үзэгчдийн суудалтай тус морин спортын парк нь 30 морь багтаах өрөө, 60 морь түр байлгах байртай аж. Тус морин тойруулгад зодог тайлсан морьдыг асарч халамжилдаг бөгөөд үүнд нь хоёр Монгол морь байв.








Хубэй мужийн “Олимп спортын төв”

Хубэй мужийн “Олимп спортын төв” нь 666 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 2009 оны зургаадугаар сард ашиглалтад оржээ.



Барилгын нийт талбай нь 160 мянган хавтгай дөрвөлжин метр ба газрын теннис, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, бадминтон, гимнастик, ушу, хөнгөн атлетикийн заалтай юм. Энэхүү төв нь “Дэлхийн цэргийн спорт” долоо дахь удаагийн тэмцээний эрэгтэй төрлийн хөнгөн атлетикийн тэмцээн болох газраар сонгогдсон байна.



Тус төвийн хөнгөн атлетикийн талбайн хэмжээ нь 32250 хавтгай дөрвөлжин метр бөгөөд 5315 үзэгчдийн суудалтай, 276 эко машины зогсоол, цахилгаан машин цэнэглэх 56 цэгтэй юм. Мөн тус тэмцээний олимпын стандартыг хангасан усан спортын тэмцээн болох  бассейнтай танилцсан юм.



Зүүн мөрний ногоон зам цэцэрлэгт хүрээлэн

“Дэлхийн цэргийн спорт” долоо дахь удаагийн тэмцээний дугуйн уралдаан, марафоныг “Зүүн мөрний ногоон зам цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулахаар болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэн нь олон улсын дугуйн уралдаан болон марафоныг зохион байгуулах хүчин чадалтай бөгөөд эко аяллын үзэсгэлэнт хэсэг нь юм.



101 километр урт, зургаан метрийн өргөнтэй дэлхийн стандартад нийцсэн дугуйн замтай. Нийт 34 үйлчилгээний зогсоолтой бөгөөд үүнд амралтын хэсэг, нойл, шүршүүр, ариун цэврийн өрөө, эх хүүхдэд зориулсан өрөө, супермаркет, эмнэлгийн анхан шатны тусламжийн цэг багтжээ.


Мөн тус хүрээлэн ухаалаг хяналтын системийг бүрэн суурилуулсан бөгөөд үүнд "wifi", цахим газрын зураг, төөрсөн хүнийг зарлах чанга яригч буюу дуут дохио, аялагчдын тоог автоматаар тооцох хүчин чадалтай төхөөрөмж багтсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 2019 оны гуравдугаар сарын байдлаар, хотын 40 сая гаруй иргэд болон жуулчдыг хүлээн авч, урлаг спортын 2200 том, жижиг арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд нийт 900 мянга гаруй хүн оролцжээ.



Дэлхийн цэрэг Ү Хань гэр

Дэлхийн цэргийн спортын тэмцээний бэлтгэл ажилтай танилцах хүрээнд  “Дэлхийн цэрэг Ү Хань гэр” буюу тус тэмцээнд оролцох тамирчдын байрлах хотхонтой танилцсан юм. Хотхон нь 565 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Нийт 30 барилгаас бүрдэх 2000 байртай, дасгалжуулагч, эмчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой, зочид буудлын стандартын дагуу үйлчлэх юм.



Байрлаж буй тамирчдын зоогийн газар нь 16500 хавтгай дөрвөлжин метр талбайтай нь 40 сагсны талбайтай тэнцэнэ гэсэн үг. Хятад, европ, араб хоол хийх 1200 тогооч ажиллах тус хоолны газар нь 4500 хүнийг нэг дор хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм. Мөн тамирчдын байрлах  хотхоны 165 хавтгай дөрвөлжин метр  талбайтай байрыг үзэж сонирхлоо. Тус хотхоноос тэмцээн болох 35 цэг рүү явахад ердөө л 40 минут зарцуулах аж.






Тус наадмыг зохион байгуулах комисс одоогийн байдлаар 140 улс руу тэмцээнд оролцох урилгыг илгээжээ. 2015 оны “Дэлхийн цэргийн спортын наадам” Солонгос улсад болж байсан бөгөөд 105 улсын 8000 гаруй цэргийнхэн оролцож байв. 2019 оны Дэлхийн цэргийн спортын долоо дахь удаагийн наадам амжилттай болох нь гарцаагүй ээ.


Б.Янжиндулам

Холбоотой мэдээ