Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-16 18:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх,  доктор, профессор Д.Бадарч өнөөдөр (2019.07.16) ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Фредерик Рассел Ривоаллан нарыг хүлээн авч уулзав.


Төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-19-нд Улаанбаатар хотноо болох “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарт оролцохоор иржээ. Уг семинарыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм. Семинараар “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал”, “Институцууд, хүний эрх, тэгш бус байдал”, “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд УИХ-ын даргын голлон анхаарч буй хэд хэдэн асуудлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “УИХ-аар сүүлийн арав гаруй жил ярьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ард иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улстөрийн намууд, мэргэжлийн холбоод болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан" гэлээ.


ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү уулзалт цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэв.  


Тэрбээр, “Энэ гурван өдрийн семинарын үр дүнгээс бидний цаашдын хамтын ажиллагааны чиглэл илүү тодорхой харагдана гэж найдаж байна. Олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд болон байгууллага хооронд хэрхэн ажиллах болон тусламж, дэмжлэг шаардлагатай салбарын талаар бодит мэдээллийг авна” гэв.

Холбоотой мэдээ