Мьянмарын цэргийн өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-17 11:50:38

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Мьянмар улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Минг Аунг Хлайн болон өөр гурван генералыг хоригийн жагсаалтад оруулсан байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мягмар гарагт мэдэгджээ.


Хар жагсаалтад Хлайнаас гадна Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн орлогч Сон Вин болон хоёр бригадын генералыг оруулжээ. “Төрийн департамент дараах хүмүүсийг, мөн тэдний ойрын төрөл садныг Ракхайн мужид рохинжа үндэстний эсрэг угсаатны цэвэрлэгээ явуулах үеэр шүүхээс гадуур цаазаар авч, хүний эрхийг ноцтой зөрчсөнтэй холбоотойгоор хоригийн жагсаалтад оруулж байна” гэж Помпеогийн мэдэгдэлд дурдсан байна.


"Мьянмарын Засгийн газар хүний эрхийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласан хүмүүст хариуцлага тооцох ямар ч арга хэмжээ аваагүйд, мөн Мьянмарын цэргийнхэн тус улсын янз бүрийн бүс нутагт хүний эрхийг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласаар байгаа тухай мэдээлэл ирсээр байгаад бид түгшиж байна” гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн онцлон тэмдэглэжээ.


Өдгөө 50 сая хүн амтай Мьянмарын иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь буддын шашинтнууд бол харин үндэстний ба шашны цөөнх болох лалын шашинт рохинжачууд Ракхайн /Аракан/ мужид амьдарч, тус мужийн хүн амын 78 хувийг бүрдүүлдэг байна. 2017 оны наймдугаар сард 2013 онд байгуулагдсан “Рохинжачуудыг аврах Араканы арми” хөдөлгөөний босогчид Ракхайн мужийн цагдаагийн 30 цэгт халдсаны дараа байдал хурцаджээ. Энэ явдлын дараа Мьянмарын эрх баригчид тус мужид цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. Албан ёсны мэдээллээр, уг ажиллагааны үеэр 400 гаруй хүн амиа алджээ. Түүнчлэн 720 мянга гаруй рохинжа орон гэрээ орхин, хөрш Бангладеш улс руу дүрвэн гарсан байна.



Холбоотой мэдээ