Налайхын замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-18 11:10:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх төслийн хүрээнд барьж буй явган хүн болон дугуйн замтай нүхэн гарцын бүтээн байгуулалттай танилцав.


Уг нүхэн гарцын бүтээн байгуулалт 18 хувьтай үргэлжилж байгаа бол бусад ажлууд төлөвлөгөөний дагуу явж буйг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох танилцуулсан юм.


Замын бүтээн байгуулалт хийж буй компани хүн хүчээ нэмж, өдөр шөнийн ээлжээр ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгов. Мөн тэрбээр, "Гүйцэтгэгч компани стандартад нийцсэн, чанартай бүтээн байгуулалт хийх ёстой. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал. Санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн тул товлосон хугацаанаас хоцроохгүй байхыг анхаарах хэрэгтэй" хэмээв.


Налайхын замд гарсан ослын улмаас жилд дунджаар 10 хүн амь эрэсдэж, 100 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтдэг байна. Тиймээс уг замыг шинэчлэх ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Тодруулбал, анх тавьснаас хойш 60 жил болж буй Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 2 эгнээ 20.9 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” компани ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 20.9 км авто замаас гадна Хөлийн голын гүүр,  нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн  ажил өрнүүлэх юм. Автозамыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ