Ч.Пүрэвдорж: Үг, үйлдэл хоёр зөрөхгүй байх нь өөрөө стандарт юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-22 10:21:12

Хэнтий /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн мөн чанар чухам юунд оршдог вэ гэдгийг гэр бүлийн орчноосоо авч хүмүүжсэн тэрээр өөрийн ажил, амьдралдаа эрэмбэ дарааллыг эрхэм болгож иржээ.

Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн байгууллагыг удирдаж яваа дарга Ч.Пүрэвдоржтой цөөн хором хөөрөлдөв.

-Танай байгууллага өнгөрсөн оны ажил үйлсээрээ аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлсэн.  Амжилтын нууц нь юунд байв?

-Манай хамт олон өнгөрөгч онд төсвийн шууд захирагчтай байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийт 31 ажил үйлчилгээг төлөвлөж бүрэн хэрэгжүүлж чадсанаар бид шилдэг нь болсон.

Амжилтад нууц зүйл гэж байдаггүй. Цагийн юмыг цагт нь хийгээд удирдлага нь удирдлага шиг, ажилтан нь ажилтан шиг байхад л болно гэж боддог.

-     -Стандартчилал гэж юу вэ? Энэ талын нийгмийн ойлголт ямар түвшинд байна?

-Энэ тухай ойлголт сүүлийн жилүүдэд сайжирсан байх. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгч нарын тухайд л энэ ойлголтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Амьдрал дээр үүнийг нарийн ойлгуулахад хугацаа хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь бидний хувьд өнөөдөр наад зах нь ямар стандартыг мөрдөх ёстой юм бэ гэдгээ мэдэхгүй байгаа болохоор л элдэв хор уршиг гараад байгаа юм. Бидний хувьд өнгөрсөн онд хэд хэдэн удаа ААН, байгууллагуудад сургалт зохион байгуулсан.

-  -Хямд үнэтэй орон сууц бариулах танай байгууллагын төсөл амжилттай яваа. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Энэ ажил манай байгууллагын хэмжээнд ч тэр, салбарын хэмжээнд ч тэр томоохон үйл явдлын нэг болж чадсан. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь удирдлагаас хүлээсэн гол үүрэг, ачаа гэж би хувьдаа үздэг.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард манай хэлтэс шинэ байранд орж тохилог орчинд төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Хэлтсийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орсон болохоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болж актлагдсан.

Ингээд хуучин байраа буулгаж зах зээлийн ханшнаас хямд орон сууц бариулах, ажилтнуудаа хөнгөлөлттэй үнээр оруулах саналаа аймгийн Засаг даргад танилцуулахад маш таатайгаар хүлээж авч дэмжсэн явдалд талархаж байгаа.

Зураг төслөө ч танилцуулсан. Одоогоор гүйцэтгэгч компанитайгаа хэлэлцэж, автомашины граж, тоглоомын талбай, үйлчилгээний заалтай зургаан давхар, 40 айлын орон сууц баригдана. Ирэх сараас барилгын ажил эхэлж энэ ондоо багтаагаад ашиглалтад хүлээж авна.

-    -Сайхан мэдээ байна. Ярилцлагаа таны тухай асуултаар үргэлжлүүлье. Хүүхэд нас тань хаана өнгөрөв? Төрийн албаны туршлагаа хуваалцаач?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ миний аав ээж хоёр Хэнтий аймгийн хүмүүс. Аав ээж хоёр маань хоёулаа насаараа төрд ажилласан болохоор миний үлгэр дуурайлал авах гол хүмүүжил гэр бүлээс эхтэй гэж хэлж болно.

Ер нь тухайн үеийн хүмүүс эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг бол цаг гэсэн шаардлага өндөртэй байсан шүү дээ.

Гэхдээ би Хэнтийд эмээтэйгээ өссөн. нэгдүгээр сургуульд Ерөнхий боловсролоо дүүргээд Их сургуульд ороод оюутан байх хугацаандаа тухайн үед Баянзүрх дүүргийн тамгын газарт хорооны зохион байгуулагч, хорооны даргын ажил хийж байлаа. Хорооныхоо олон мянган айлуудаар явна гэдэг бас л чанга ажил шүү. Тэр үеэс эхлээд л би  арав гаруй жил төрийн албанд зүтгэж явна.

-     -Танай байгууллагын цаашдын зорилтыг сонирхвол?

-Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас 2019 оныг “Төрийн үйлчилгээний чанар, бүтээмж, хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан.

Үүний хүрээнд ирэх есөн сард Дадал суманд 21 аймгийн удирдах албан хаагчдын улсын зөвлөгөөн зохион байгуулна. Нутагтаа зохион байгуулж буйн онцлог нь аялал жуулчлалын стандартыг мөрдүүлэх явдал юм.

Үүнийг олон нийтэд сурталчлан таниулах гээд цаашид бидний хийх ажил ундраад байгаа шүү. Бидний зорилт бол маш тодорхой, амжилтаа ахиулахын төлөө хүн бүр хичээл зүтгэл гаргаж ажиллах.

-     -Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Аймаг орон нутаг маань аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа энэ цаг үед стандарттай аймаг болохын төлөө бүгд хамтран ажиллацгаая гэж уриалж байна. Манай байгууллага ч цаашдаа тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

Холбоотой мэдээ