Цагдаагийн алба хаагчдыг шагнаж урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-20 21:36:25

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 98 жилийн ой, цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд ёслолын жагсаал зохион байгууллаа.

Ёслолын жагсаалд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдах ажилтнууд оролцож,  төр засаг, түмэн олныхоо амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, үүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэв. 

Энэ үеэр албан үүргээ хуулийн дагуу, нэр төртэй биелүүлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй нэр бүхий цагдаагийн алба хаагчдыг шагнасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч Б.Батжаргал “Цэргийн хүндэт медаль”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын дагуу тус тасгийн ахлах мөрдөгч Н.Насанбат  “Цагдаагийн алдар” хүндэт  тэмдгээр шагнуулав. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” I, II, III зэргийн медаль, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, аймгийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналыг  нэр бүхий алба хаагчдад гардуулж, баяр хүргэсэн юм.

Мөн цагдаагийн байгууллагын алба хаагч, ажилтнууд хуулийг чанд баримталж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад  хурдан шуурхай, чанартай  хүргэж  амжилттай ажиллахыг  хүссэн юм.





Холбоотой мэдээ