ӨМӨЗО-ны хүүхдүүд Дундговь аймагт эмэгтэйчүүдийн оношилгооны дуран хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-22 16:07:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн, сэтгүүлч Д.Наранцогтын санаачилгаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн ивээл дор Дундговь аймагт амарч, аялан тоглолт хийж яваа ӨМӨЗО-ны хүүхдүүд тус аймагт найман сая төгрөгөөр үнэлэгдэх эмэгтэйчүүдийн оношилгооны дуран хандивлав.

Өмнөд хөршийн монгол угсаатан бяцхан зочдын өгсөн хүмүүнлэгийн тусламж тэдний үе тэнгийн монгол охидууд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрт оношилоход  нэн чухал, хэрэгцээтэй төхөөрөмж ажээ.

ӨМӨЗО-ны Ордос хот, Хөхнуур Түвдийн Өөртөө Засах Орны Хөхнуур муж, Ухай хотоос авьяаслаг 32 сурагч  багш Уянгаа, эх эцгийн төлөөлөл Наранхуар нарын хамт Дундговь аймагт зочилж, тус аймагтай танилцаж, "Бүрдийн уянга” зусланд гурав хоног амарчээ.

ӨМӨЗО-ны "Цэцэн хүүхэд" бүтээлч өргөөний эдгээр хүүхдүүд долдугаар сарын 21-нд Мандалговь хоттой танилцаж, тус аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын авьяаслаг бяцхан хүүхдүүдтэй хамтран аймгийн төвийн иргэдэд зориулан тоглолт хийж, өөрсдийн авьяас  чадвараа  үзүүлсэн юм.

Мөн  зусланд амрахдаа Дундговийн "Тойром” дуут бүжгийг сурсанаа харуулж, Мандалговь хотын төв талбайд дуулан бүжиж үзүүлсэн байна.

Тэд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар аялж, монгол орны байгалийн үзэсгэлэн, монголчуудын аж амьдрал, зан заншилтай танилцах аж.

Холбоотой мэдээ