Сутай хайрхан уулын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө боловсрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-23 15:05:47

Ховд /МОНЦАМЭ/.“Сутай хайрхан” уулын байгалийн нөөц газар \БНГ\-ын таван жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулах  хэлэлцүүлэг Ховд аймагт болов.

БОАЖЯ, "Дэ Нейче Консерванси" (TNC) байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Сутай хайрхан” уулын Байгалын нөөцийн газрыг хамгаалах таван жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөө боловсруулж байна.

Төлөвлөгөөнд орон нутгийн бүх шатны удирдлага, байгаль хамгаалагч, малчид, нутгийн иргэдийн саналыг  тусгах, байгаль хамгааллын хамтын оролцоог бий болгох зорилгоор энэхүү  хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.  

Хэлэлцүүлэгт  БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга н.Энхбат , аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон бусад холбогдох хүмүүс оролцсон.

“Сутай хайрхан” уул нь Ховд аймгийн Дарви, Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви  сумын нутгийг дамнан оршдог  тул дээрх сумдын удирдлага, байгаль орчны байцаагч, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцов.

Хэлэлцүүлгийн  хүрээнд  Сутай хайрхан  уулын Байгалын нөөцийн газрын менежментийн  төлөвлөгөө хэрэгжүүлэх газрын хилийн зааг, хамгаалалтын бүс, үнэт зүйлийг сонгосон ба биологийн олон янз байдлын өнөөгийн нөхцөл байдлыг  үнэлэх, эрэмбэлэх, хамгаалах  тухай ярилцаж, цаашид тулгамдаж буй асуудлыг  хамтын оролцоотой тодорхойлсон байна.

Энэ үеэр оролцогчид “Сутай хайрхан” уулын орчны бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаанаас шалтгаалсан байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, орчны бохирдлыг багасгахад хяналт тавих, дүйцүүлэн хамгаалах аргыг хэрэглэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг сайжруулах, орчны бүсийн байгалийн дурсгалт газар, соёлын өвийг түшиглэсэн  орон нутгийн аялал  жуулчлалыг  хөгжүүлэх,  иргэд олон нийтэд сурталчлан таниулах зэрэг санал гаргажээ.

Байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө боловсруулснаар Сутай хайрхан уулын  экосистемийг судлах, дахин   давтагдашгүй байгалийн унаган төрхийг нь хадгалах, нэн ховор амьтан, ургамал устаж  үгүй болохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.   

“Сутай хайрхан” уул нь далайн түвшинээс дээш 4200 гаруй метр өндөр ба 60 км сунаж тогтсон. Хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулын нэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 онд  Төрийн тахилгат  уул болгож,  улмаар УИХ-ын  2019 оны тавдугаар сарын 02-ны  41 дүгээр тогтоолоор байгалийн нөөц  газрын ангиллаар  Улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.  




Холбоотой мэдээ