Б.Гомбосүрэн: Хандивын өвс тээвэрлэх зардлыг иргэн, сум хоёр хувааж гаргасан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС“Илгээлтийн эзэд”-ийн хандивласан 800 боодол өвс, 200 уут тэжээлийг Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ынхан малчдад зарж борлуулан ашиг олж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Энэ талаар Улаангом сумын Засаг даргын орлогч Б.Гомбосүрэнгээс тодрууллаа.
-Хандивын өвс тэжээл зарсан гэдэг мэдээлэл цахимаар яваад байна. Үнэхээр тийм явдал болсон уу?
-“Харахын заяа байвч, хазахын заяа байдаггүй” гэдэг шиг хичнээн үнэгүй, хандивын зүйл байсан ч тээврийн зардлыг нь шийдэхгүй бол 1400 км-ын алсад өөрөө яваад ирчихгүй. “Илгээлтийн эзэд”-ийн илгээсэн 800 боодол өвс, 200 уут тэжээлийг өвс тэжээлийн тусламж бага хүртсэн манай сум татаж авч малчиддаа өгөхөөр болсон. Бид малчидтайгаа ойлголцоод тээврийн зардлын талыг сумынхаа Засаг даргын нөөцөөс гаргаад үлдсэн 50 хувийг нь малчдаар гаргуулах шийдэлд хүрсэн. Малчдад хандивын өвс зарлаа гэдэг нь тээврийн зардалд гарсан 5 сая төгрөг байгаа юм. Энэ мөнгө сумын Засаг даргад биш хотоос ачиж ирсэн жолоочийн тээврийн хөлсөнд очсон. Ер нь бол төсөв мөнгө хаана хаанаа хүрэхгүй, хэцүү байгаа энэ үед төр, иргэн хоёр хамтарч ажилласан.
-Яагаад ийм хэл ам гарах болов. Яг юу болсон юм бэ?
-Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтарсан тоглолтынхоо орлогоор өвс тэжээл авч зудын байдалтай байгаа аймгуудад хуваарилсан юм билээ. Тэд ОБЕГ-т өвс тэжээлийг хүлээлгэж өгөхдөө 1400 км-ын алс зайтай орших Увс аймагт хүргэх тээврийн зардлыг шийдэж өгөөгүй. ОБЕГ-ын хувьд хуваарилалт хийсэн ч тээврийн зардлыг бас шийдээгүй, орон нутаг өөрөө хариуц гэсэн. Гэтэл манай сум байтугай Увс аймаг хүртэл бүхий л нөөцөө шавхаад малчиддаа тусалсан. Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас 2,5 сая, иргэдээс 2,5 сая, нийтдээ 5 сая төгрөг зарцуулж уг өвсийг Улаангом хотод авч ирсэн. Бид Улаанбаатар, Улаангом хооронд ачаа тээвэр хийдэг жолооч нартай холбогдож үнэ судласан. Тэгэхэд овор ихтай ачааг 1 кг-ыг нь 290 төгрөгөөр ачна гэсэн. Өмнө нь Онцгойн шугамаар ирсэн өвс тэжээлүүд ч тэгж л ачигдсан байсан. Манай сумын хувьд тийм хэмжээний мөнгө байхгүй учраас тал зардлыг өр тавьж гаргаад, талыг нь иргэдээр гаргуулья гэсэн. Мэдээж хандивын өвс тэжээл байхад төртэйгээ хамтраад татаад авах боломжтой талаараа иргэд бидний саналыг дэмжиж байсан. Б.Мягмаржав жолоочтой холбогдож 1 кг ачааг 250 төгрөгөөр ачуулахаар тохиролцсон. Жолооч маань Улаангомд хоёр хоногт л авч ирсэн.
- Тээврийн зардал гэхгүйгээр орон нутгаасаа авчихаж болоогүй юм болов уу гэсэн зүйлийг ч ярих хүн байна?
-Тэрийг бид мэдэхгүй шүү дээ. Хандивын өвс тэжээлээ хурдан авцгаа гэдэг шаардлагыг ОБЕГ-аас тавьсан. Бид иргэдтэйгээ л ойлголцож, хамтарч ажилласан. Өвс тэжээлийг цаг хугацаанд нь шуурхай ачиж ирж өгсөн. Төр дангаараа бүхнийг хийж чадахгүй гэдгийг малчид ойлгож дэмжсэнд баяртай байна. С.Жавхлангийн бие төлөөлөгчид ч тайлбарлаж хэлсэн. Үүнийг асуудал болгож байгаа өөр зорилготой хүмүүс байгаа байх.
-Улаангомд өвс тэжээл ямар үнэтэй байна?
-Өвс 6-10 мянга, тэжээл 12-15 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хандивын өвс тэжээлийг орон нутгийнхаа жижиглэнгийн үнээр тооцоход 10.4 сая төгрөг болж байна лээ. Гэтэл тээврийн зардал 5 сая төгрөг болж байна. Болсон явдал ийм л байна.
Увс аймаг Б.Батхүү