З.Энхболд: Байгалийн баялаг нь нийтийн өмч хэмээн өөрчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу болж буй "Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттлуга нээж үг хэлсний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдэд байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлыг хэрхэн тусгасан талаарх танилцуулга, мөн УИХ дахь АН-ын саналыг танилцуулав.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбоотой саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав.
Тэрбээр, "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тогтвортой нөхцөл бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-ыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь "төрийн өмч" гэснийг "нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан.
Мөн онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд, гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Ингэхдээ, хөрөнгө оруулагчийн зардал бодитой байхаас гадна төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласныхаа орлогыг баялгийн санд төвлөрүүлнэ. Байгалийн баялгийг ашиглах болзол, Баялгийн сангийн ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор зохицуулсан. Тухайн жилийнхээ улсын төсөвт ногдол ашгаа оруулж болохгүй. Үүнээс бусад аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой гардаг 30 орчим татвар хэрэгждэг байх юм. Ийнхүү байгалийн баялагаа өөр журмаар зарцуулдаг, тусдаа сан байгуулах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзсэн" хэмээв.
Мөн тэрээр , байгалийн баялаг гэдэг нь энэ цаг үеийнх биш, ирээдүйн Монголчуудын өмч гэдгийг танилцуулгынхаа үеэр тэмдэглээд, "Хүний бүтээгээгүй байгалийн баялагийг үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган хувьчлалд оруулсан олон жилийн алдааг засахаар дээрх саналыг тусгасан гэж тайлбарлав. Байгалийн баялгийг нийтийн өмч гэж зааснаар, иргэдийн хяналт сайжрах аж.
Цааш нь тэрбээр хэлэхдээ, "Газрыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөний дагуу ашиглах боломжийг нэмэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 6.6-д нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга эсвэл захирагч гаргана” хэмээн шинэ заалт нэмэхээр төсөлд тусгасан.
Төв банкыг хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх зорилгоор дараах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна. Төв банкны тухай хууль дахь эдгээр заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгуулах саналаа Монголбанкнаас ирүүлсэн бөгөөд үүнд үндэслэн энэ заалтыг нэмэхээр төсөлд тусгасан болохыг З.Энхболд дарга хэллээ. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хамгаалалтыг бэхжүүлж, бататгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.6-ийн “ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэсэн гэж үзнэ” гэсэн дээр “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэж нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлаарх УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Үндсэн хуулийн 6.2-т оруулах саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч найруулгын хувьд өөр саналтай байгааг хэллээ. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн 6.2-т заасан "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн" хэмээх зохицуулалтын "төрийн өмч" гэснийг Ерөнхийлөгчийн санал дахь томъёоллоор "нийтийн өмч" хэмээн тодорхойлох нь оновчтой гэсэн санал илэрхийлэв. Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүрд шударга хүртээх зарчмаар ашиглана. Баялгийн санг байгуулах, ашиглах зарчмыг хуулиар тогтооно” хэмээн томъёолох нь оновчтой гэдэг саналыг танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглах журмаа хуулиар тогтооно гэдэг зарчмаа Монгол Улсын Үндсэн хуульд тусгаагүй явж ирсэн нь гол алдаа байсан хэмээн үзжээ.
УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр 25.1.7-г хамтатган "төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэж томъёолох саналаа танилцуулав.
УИХ дахь АН-ын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд “Төсөв, санхүү” гэсэн зүйл, анги нэмэх саналтай байгаа аж. УИХ-ын гишүүн З.Нарантуая хэлэхдээ, "Шинээр нэмэх энэ заалт дээр нэмээд, төсөв батлах зарчим, бүтэц, хуваарилалт, улсын өр, түүний баталгааны зарчмын талаар тусгасан дөрвөн заалтыг тусгах нь зүйтэй гэдэг саналтай байгаа" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл дэх Монол Улсын Үндсэн хуулийн 39.4, 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар заалтуудыг өөрчлөх саналтай холбоотой саналуудыг З.Нарантуяа гишүүн танилцуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Төв банкны статусыг тусгах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа аж.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл дэх 6.2 болон 25.1.7 дугаар заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Тэрбээр, Үндсэн хуулийн 6.2-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн" гэсэн дээр нэмж, Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа, тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг баримтлах зарчмыг баримтална" гэж тусгасан" хэмээн танилцуулав. Энэ нь байгалийн баялгийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх, одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг хангах, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тусгайлсан мэдээлэл танилцуулав. Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-ыг хөндөн хэлэлцэхдээ, улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилтэй уялдуулан тал бүрээс нь судалсан" хэмээн цохон тэмдэглэв.
Тэрбээр, "Салбарын яаман дээр тусгайлан ажлын баг байгуулж, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уул уурхайн салбар дахь алдаа, дутагдал бүрийг Үндсэн хуульд оруулснаар, хямрал руу түлхэх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий. 70 гаруй орны Үндсэн хууль дахь байгалийн баялгийн талаар зохицуулалтыг харьцуулан судлаад Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт нь хамгийн оновчтой бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг хүндрэл гараагүй. Салбарын яамнаас Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Байгалийн баялгийн засаглалын асуудлыг органик хуулиар зохицуулах нь нэн оновчтой. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 59.2 дахь заалтаар орон нутагт татварын хувь хэмжээ тогтоох эрхийг шилжүүлснээр уул, уурхайн салбарын ажил гацаанд орох, хямрах эрсдэл нэмэгдэнэ хэмээн үзэж байна" гэв.
Ийнхүү танилцуулгын дараа байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудалтай холбоотой дээрх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, тодруулан байр сууриа илэрхийллээ.