МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Д.Трамп: Хятадын бараанд нэмэлт 100 хувийн татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-11 11:17:04

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 11 /AP/. Хятад улс газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан тус улсын бараанд хэдийн ногдуулаад буй татвар дээр 100 хувийн татвар нэмж ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Хятадын цаашид авах арга хэмжээ, өөрчлөлтөөс хамааран” нэмэлт татвар ирэх 11 дүгээр сарын 1-нээс юм уу түүнээс эрт үйлчилж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэрбээр мөн “бүх чухал программ хангамжид” экспортын хязгаарлалт тавихаар төлөвлөж байгаагаа дурджээ.


“Хятад улс 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгондоо томоохон хэмжээний экспортын хязгаарлалт тавих гэж байгаагаа илэрхийлсэн захидал илгээж, худалдааны тал дээр маш түрэмгий байр суурь баримталж байгааг саяхан мэдсэн гэж Д.Трамп “Truth Social” хуудсандаа бичсэн байна.


Үүний дараа Д.Трамп хариу арга хэмжээнүүдийг зарласан бөгөөд Хятадын импортод ногдуулаад буй АНУ-ын 30 хувийн татвар дээр 100 хувийн татвар нэмэгдсэнээр тус улсын бараа бүтээгдэхүүнд 130 хувийн татвар ногдуулна гэсэн үг юм. Шинэ тариф нь Д.Трампыг үүрэгт ажилдаа орсны дараахан буюу энэ оны эхээр эхэлсэн худалдааны дайныг дахин эхлүүлэх аюул нүүрлүүлж байна. Хоёр улсын төлөөлөгчид хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараа харилцан бие биедээ өндөр татвар ногдуулахаа түр хойшлуулаад байгаа юм.


Баасан гаргийн өглөө Д.Трамп Өмнөд Солонгост гурван долоо хоног орчмын дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцална гэж сүрдүүлсэн байна. Хятад улс газрын ховор элементийн экспортын хязгаарлалтыг эрс өргөжүүлж байгаагаа зарласны дараа уулзалт хийх шалтгаан байхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.


Гэсэн хэдий ч баасан гаргийн орой Д.Трамп Зууван танхимд сэтгүүлчдэд уулзалтыг цуцлаагүй гэж хэлсэн байна. “Үгүй ээ, би уулзалтыг цуцлаагүй байгаа, гэхдээ бид уулзах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд тэнд очих болно, тиймээс уулзалт болох байх гэж бодож байна” хэмээн тэрбээр ярьжээ.


Технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай газрын ховор элементийн зах зээлд Бээжин ноёрхдог. Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч анх зарласан боловч Хятадын тал үүнийг баталсан мэдэгдлийг одоогоор хийгээгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ