Сумын цол олгох барилдаанд залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-07-27 17:13:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жил, Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жил, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан сангийн аж ахуй үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баяр наадмын сумын цол олгох хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх зодоглов.

Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд Хонгор сумын засаг даргын 153 дугаар захирамжаар түрүүлсэн бөхөд сумын заан, үзүүрлэсэн бөхөд сумын харцага, шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөхөд сумын начин цол олгохоор шийдвэрлэлээ.

Хүчит бөхийн барилдаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлж сумын заан цол хүртсэн бол Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх М.Даваахүү үзүүрлэж сумын харцага цол хүртлээ.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат залуу бөх Н.Гарьдмагнай, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат залуу бөх Б.Мөнх-Оргил нар үлдэж  сумын начин цол хүртэв.

Мөн өсвөрийн хүүхдийн барилдааныг 10 хүртэлх нас, 11-ээс 13 нас, 14-өөс 17 нас гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулахад тус бүрт 32 хүүхэд барилдаж наадамчин олныг баясгав.

Монгол Улсад Атар газар эзэмшсэний болон Дархан сангийн аж ахуй, Хонгор сум байгуулагдсан түүхт 60 жилийн баяр наадамд 128 бөх барилдаж байна.

Холбоотой мэдээ