Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-29 13:27:52

Увс /МОНЦАМЭ/.Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар долдугаар сарын 26-наас  эхлэн тойрогтоо ажиллаж байна.

Тэрбээр Улаангом суманд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. Улаангом сумын улсын тэргүүний цогцолбор хоёрдугаар сургуулийн барилгыг гурван давхар болгож өөрчлөх барилгын ажил дуусч, дээврийн хучилт үргэлжилж байна.

Тус сургуульд 1944 хүүхэд суралцдаг. Гурван давхрын өргөтгөл ашиглалтад орсноор шинээр 300 хүүхэд хүлээн авч хичээллэх боломжтой юм. Мөн одоо ашиглаж байгаа бага сургуулийн байрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болсон бөгөөд ингэснээр тавдугаар багийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх юм.

Увсад анх удаа пиломер мембран материалаар барилгын дээврийг хийж байгаа бөгөөд хасах, нэмэх 50 хэмд тэсвэртэй, орчин үеийн технологи гэж гүйцэтгэгч “Амарсанаа”  ХХК-ийн  удирдлагууд танилцуулав. Улсын тэргүүний цогцолбор хоёрдугаар сургуулийн барилгын өргөтгөлийг энэ сард багтаан ашиглалтад оруулна. 

Үүнээс гадна тэрбээр Улаангом сумын хоёрдугаар багт ажиллав.  Энэ баг 524 өрхтэй. Багийн хэмжээнд нийт 208 цэцэрлэгийн насны хүүхэд буйгаас 27 нь хөдөө амьдардаг аж. Цэцэрлэгийн хүртээмж тааруу учир эцэг эхчүүд хүүхдүүдээ Улаангом сумын I, II цэцэрлэгт явуулдаг.

Харин хөдөөний малчид хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй аж. Өнгөрсөн жилээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын хоёрдугаар багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай.

Цэцэрлэг ашиглалтад орсноор Улаангом сумын хоёрдугаар багийн цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болохоос гадна  дарөвдүгээр багийн хүүхдүүд ч суралцах боломжтой.

Дараа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улаангом сумын нэгдүгээр багт ажилласан байна. Тэрбээр тус багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зургаан цэцэрлэгийн 75 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн ажлын явцтай танилцсан.

Цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч жил бүр 167 хүүхэд хүлээж авдаг. Нэг ангид хамгийн ихдээ 52, багадаа 38 хүүхэд суралцдаг аж. Өргөтгөл баригдаж ашиглалтад орсноор нэг ангид дунджаар 25 хүүхэд суралцах боломжтой гэсэн. Өргөтгөлийн ажлыг "Ундрах бүтээмж" компани гүйцэтгэж байгаа бөгөөд 150 метр хашаа, тоглоомын талбай бүхий иж бүрэн 890 метр.кв байрыг 10 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.


 

Холбоотой мэдээ