Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-07-29 18:11:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-нд эхэлсэн цэцэрлэгийн цахим бүртгэлд одоогийн байдлаар 20712 хүүхэд бүртүүлжээ. Энэ жил нийслэлийн 714 цэцэрлэгт 123 гаруй мянган хүүхэд хамрагдана.

Цахим бүртгэлд 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой аж. Шинээр элсэх хүүхдийн бүртгэл хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Мөн цахим элсэлтийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утасанд мессэжээр илгээх аж. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлнэ” гэж нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдэгдэж байна.

Өмнө нь сурч байсан 3-5 насны хүүхдүүдийг цахимаар баталгаажуулах шаардлагаггүй бөгөөд ирэх сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулах аж. Цэцэрлэгийн хүүдийн цахим бүртгэл ирэх сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг бүртгэхдээ:

  • 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдийг бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn/ системийг нээж хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаарыг оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  • Мөн www.tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 23-нд болох юм. Цахим бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: Нийслэлийн Боловсролын газар 7011-3032, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 330844 дугаарын утасаар авах боломжтой.

Холбоотой мэдээ