АНУ пуужин устгах гэрээнээс баасан гарагт албан ёсоор гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-31 10:30:49

ВАШИНГТОН. /TASS/. Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай Орос-Америкийн гэрээнээс АНУ наймдугаар сарын 2-ны баасан гарагт албан ёсоор гарна гэж тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ.


Тэрбээр Вашингтон хотноо болсон “Залуу Америк” консерватив сангийн оюутнуудын бага хуралд үг хэлэхдээ, “Энэ баасан гарагт АНУ албан ёсоор гарснаар Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээ албан ёсоор хүчингүй болно” гэж мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах Орос-Америкийн гэрээний /албан бус нэр нь СНВ-3/ талаар мэдээлэл өгөхдөө, “2010 онд баталсан СНВ-3 гэрээ нь анхнаасаа хангалтгүй байсан. Уг гэрээ нь ойрын тусгалтай тактикийн цөмийн зэвсэг болон Оросын шинэ системийг хамраагүй. Гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сард дуусна. Энэ талаар одоогоор шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ сунгахгүй байх” гэж хэлэв.  


Хоёр тал гэрээнээс татгалзах цаг нь ирсэн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа бөгөөд зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ болон БНХАУ-тай тохиролцох хүсэлтэй байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ