Уртын дууны анхдугаар наадам болно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-08-01 16:38:01

Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дууч Г.Хонгорзулын нэрэмжит “Сэцэн ханы шуранхай” уртын дуучдын улсын анхдугаар уралдаан энэ сарын 03-нд болно.

Уралдаанд ур чадвараа сорих дуучид  Мөрөн сумын, Өндөрхаан хайрханы баруун урд Эхэн ус гэдэг газарт дууны өсгөгч техник хэрэгсэл ашиглахгүй, зөвхөн морин хуурчтай дуулан өрсөлдөх аж.

Харин дараагийн өдөр хоёрдугаар шатны шалгаруулалтыг аймгийн төвийн урд, Баянхутаг сумын нутаг, Хэрлэн голын гүүрийн баруун урд Цагаан эрэг гэдэг газарт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хэнтий нутгаар овоглодог дуучин Г.Хонгорзул ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монгол ардын уртын дуу хэмээх өв соёлыг тээж 20 гаруй жил дуулж байна. Тэрээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх алдрыг хүртээд арван жил болжээ. Тиймээс анхдугаар наадамтай хамтатган дуучны хөдөлмөр алдрыг тэмдэглэх зорилго буй аж.

Уралдааныг Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сум, Мөрөн сум, Баянхутаг сум хамтран мэргэжлийн болон сонирхогч авьяастнуудын гэсэн хоёр ангиллаар зохион байгуулна.

Холбоотой мэдээ